Та яг одоо Монгол долгион 102.1 буюу дэлхийд Mglradio.com радио сонсож байна.




Free Shoutcast HostingRadio Stream Hosting

Sunday, September 25, 2016

Олны өмнө үг хэлэхдээ анхаарах ТАВАН зүйл

46e284_jolie_x974.jpg Шинэ жилийн үйл ажиллагаа, төрсөн өдөр, найз нөхөд, хамт олны уулзалт гээд олны өмнө үг хэлэх шаардлага гардаг өдрүүд олон. Ялангуяа сүүлийн өдрүүдэд та энэ төрлийн “урилга”-тай их таарч байгаа байх. Тэгвэл олны өмнө үг хэлэхдээ юу юуг анхаарах ёстойг хэлж өгье. Мэддэг зүйлээ ярь Үг хэлэх үеэрээ хэтэрхий ухаалаг, гойд нэгэн болох гэж хичээх хэрэггүй. Мөн үг хэлэх гэж буйгаа урьдчилж мэдсэн бол цагаасаа өмнө тохиромжтой зогсох газар, тайзаа судалж, микрофоныг хэрхэн хэрэглэхийг мэдэж ав. Дараа нь хэнд хандаж, юу хэлэхээ бэлд. Хамгийн чухал нь хэлж буй үг тань таны хамгийн сайн мэддэг, түгдрэлгүй ярих сэдэвтэй байх ёстой шүү. Өөрийгөө төсөөл Өөрийгөө ямар харагдаж байгааг, ямар харагдаж болохыг хамгийн түрүүнд төсөөлж чадах хүн бол та. Тиймээс чухал хүлээн авалтын үеэр үг хэлэхийн өмнө толинд харж бэлтгээрэй. Хоолойгоо сайтар сонсож, чанга сул, хурдан удаан ярих темпээ тааруулах хэрэгтэй. Үүнийг анхаарвал хэлбэр, агуулгын хувьд зөрөхгүйгээр сайн илтгэл тавих боломжтой. 9165f4_Oprah-Winfrey-TLC-Entertainment_x Дундаж байхаас зайлсхий Хэлэх үгээ бэлдэхдээ анхаарахаас гадна үгээ бусдад хэрхэн хүргэх вэ гэдгийг анхаарах нь бас чухал. Ингэхдээ хүн бүрийн хэлдэг улиг болсон яриа биш сонирхолтой, сэтгэл хөдлөлтэй байлгах хэрэгтэй. Мөн үг хэлэх үеэрээ жижиг алдаа гаргасан ч санаа зовох хэрэггүй. Учир нь та өөрөө эмоцитой байж чадвал үүнийг хүмүүс нэг их анзаараад байхгүй. Зогсолтондоо анхаар Баярын үйл ажиллагааны үеэр өөрийн яриандаа анхаарахаас гадна зогсолтондоо анхаарах хэрэгтэй. Учир нь хүмүүс элдэв хөдөлгөөн, эв хавгүй байдлыг харвал хэлж буй үгийг чинь анзаарахгүй. Тиймээс биеийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөлөө эвгүй зөрүүлж зогсох, тэнцвэргүй байх, индэр өнцөгдөж, хэт хойно, хэт урд зогсохгүй байхыг хичээгээрэй. Энгийн түүхээс эхэл Бусдад энгийн, сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд ямар нэгэн түүхээс эхэл. Амьдралд чинь тухайн үйл явдал, хүмүүстэй холбоотой хөгжилтэй түүх, сайхан дурсамж зөндөө бий. Ийм түүх ярьснаар хүмүүст яриа чинь илүү бодитой санагддаг. Мөн судалгаанаас үзэхэд түүх ярих нь бусдын анхаарлыг 65 хувиар илүү татдаг гэжээ. Эх сурвалж: AWT

Thursday, November 20, 2014

Гэнэт баяжих гэдсэнд халтай


Шөнө босоод жорлон руугаа ортол урд нь өндрөөрөө тохойн чинээ жижигхэн хар хүн сууж байхыг үзээд Энхбат үхтлээ айжээ. Муухай орилоод гарч гүйхдээ “Арай энэ чинь хий юм хардаг болов уу, яав” гэж өөрийгөө буруутгасан хэдий ч айдаст автсан хэвээрээ байв. Зүрхшээн байж жорлонд бие засаад гарахдаа хий юм үзсэндээ итгэхэд бэлэн байжээ. Гэтэл гал тогооны өрөөндөө орж хүйтэн жүүс ууж байтал ширээн дээр нь мөнөөх өчүүхэн жижиг хүн хуруугаараа этэн зангаж байхыг хараад ухаанаа алдах шахжээ. Тэр шөнө нойр нь хулжаад удтал унтаагүй бөгөөд арай гэж унттал нөгөөх жижигхэн хар хүн бугалганы чинээ болтлоо намсчихаад цээжин дээр нь дэвхэрч “Босооч, сэрээч. Юугаа хийгээд дэмий хэвтээд байгаа юм бэ?” хэмээн хашгичиж, үснээс нь зулгааж байна гэж зүүдлээд муухай орилон сэржээ.

Авгай нь өндийж “Хар дарав уу, яав? битгий дээшээ харж хэвт л дээ. Хажуугаараа хэвт” гэж зөвлөхөд Энхбат босч тамхиа асаав. Одоо тэр айхаа больжээ. Яасан бэ гэвэл мөнөөх хуруун чинээ болтоо жижгэрсэн хөгшин царайтай хар нөхөр яг өмнө нь агаарт зогсоод нүдээ ирмэж байхыг харахдаа ердөө сэжиглэж жийрхсэнгүй. Ямартаа түүн рүү хуруугаараа чичлэн “Чи хэн бэ? Яах гэж намайг ээрээд байгаа юм бэ?” гэж асуужээ. “Одоохон гэрээсээ гараад цэцэрлэг рүү оч. Саравчинд орвол ширээн дээр ууттай юм байгаа. Түүнийг ав. Чи түргэлэхгүй бол хүн ирчихээд авах нь байна шүү” гэжээ. Энхбат гайхсан ч гарчээ. Үүрийн таван цаг учир сүрхий сэрүүхэн ажээ. Цэцэрлэгийн модон саравчин доторх ширээн дээр цэмбэн уут байхад нь онгойлговол зангидсан нударган чинээ алтан ембүү үзэгджээ. Энэ үед хэн нэгэн бархиран дуулсаар гарч ирэхэд Энхбат даруйхан гэр рүүгээ буцжээ.

Цэвэр алтан ембүү байлаа. Харин өнөөх жижигхэн хар хүн хаана ч харагдахгүй болжээ. Энхбат өөрийгөө бараг харь гаригтай холбогддог хүн шиг санасан төдийгүй ид шидийн ямар нэг увидастай ч байж магадгүй гэж санасан байна. Тэрбээр өнөөх алтан ембүүгээ ханасан үнээр нь худалдаад жийп авч унав. Гэнэт хөлжсөн Энхбатыг хүн бүхэн биш юм гэхэд төрүүлсэн эх, ханилсан эхнэр хоёр нь бүр гайхсан билээ. Мөнгөнд умбасан Энхбатын ааш зан өөрчлөгджээ. Үе үе хонуут, өнжүүтээр буудлаар хоноглох үе мултарсан охид, бүсгүйчүүдтэй садарлах болжээ. Өөрийгөө хэзээ ч автобусны мөнгө, хоолны мөнгөөр гачигдаж яваагүй юм шиг л бардаж сагсагнажээ. Эхнэрийнхээ дур хүслийг хангах нь бүү хэл өвөрт нь орж унтахаа байсан төдийгүй “Чамтай амьдарч яваад баяс. Хэрэв би явчихвал чи л амаараа шороо үмхэнэ” хэмээн дарамталсан байна. Нөхөртөө тоогдохоо байснаа ойлгосон эхнэр нь уйлж үзэв. Гэвч хаашаа явах билээ. Гэтэл тэр орой Энхбатыг тансаг зочид буудалд биеэ үнэлэгч царайлаг бүсгүйтэй хорвоогийн садарлалд умбаж ахуйд өнөөх жижигхэн хар өвгөн чигчий хуруугаараа этэн дуудаж байхыг үзжээ. Тэр үнэхээр их баярлан хөөрсөн аж.

Энэ удаа ямар бэлэг өгөхөөр ирсэн бол гэж Энхбат горьдсондоо тэгж баярласан байв. Гэвч хуруун чинээ хар өвгөн “Одоо гар. Буудлын үүдний довжоон дээр уут бий. Түүнийг ав” гэхэд мань эр яарч адгасаар гүйж гарахдаа “Бүр том алтан ембүү авчирсан байгаасай. Би улам баяжиж тансагламаар байна” гэж бодож байжээ. Довжоон дээр нээрээ л уут байлаа. Энхбат уутны ам нээгээд л муужирч унасан байна. Сэхээ орж сэрсэн хойно мань хүн тансаг зэрэглэлийн зочид буудалд ч биш, түүний довжоон дээр ч биш хуучин гэртээ хэвтэж байгаагаа мэдэв. Хогшил тавилга нь ч хүртэл яг хуучнаараа агаад алтан ембүүгээ зарж авсан шинэ тавилгуудаас ганц нь ч алга байжээ. “Би хаана байна?” гэж тэр асуусан хойно “Солиотой хог чинь зүүдэлсэн юм байж л дээ” хэмээн санажээ. Гэвч түүний урд чигчий хурууны чинээтэй жижигхэн хар өвгөн сүүтэгнээд хөнжил дээр нь асан алхахыг үзмэгцээ зүүдлээгүйгээ мэджээ. “Чи хэн бэ? Би яасан бэ?” гэж Энхбатыг асуухад өнөөх чигчийн чинээ амьтан хуруугаараа чичиж, “Чамд баян амьдрал зохихгүй юм байна. Хуучнаараа л амьдар. Тэр нь чамд дээр” хэмээн хэлээд алга болчихжээ. Энхбат өрөөн дотуураа өчнөөн хайгаад ч олсонгүй. Тэгэхэд л тэр энэ бол зүүд шиг амьдрал байна, гэхдээ надад зүүд шиг тансаг амьдрал зохихгүй нь үнэн биз хэмээн гонсгорхон мэдэрч билээ.

Бусдад хорлогдсон Шагдар уяачийн сүнс араасаа гурван хүний амийг дагуулжээ


Шагдарын хүрэн гэхээр хонины хөгшин хээр шиг доожоогүй морь байлаа. Аймаг, сум, бүсийн олон том, жижиг наадмын айраг, түрүү авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдарт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй, ондоо хурдан морьд ч байсан юм. Гэтэл дандаа наадмын айраг, түрүүг Шагдарын морьд авахад атаархаж, өмдөндөө шээсээ дусаах шахдаг хүмүүс цөөнгүй байжээ. Зарим нь айлын найран дээр ууж согтоод “Чи лав чөтгөртэй тохиролцож айраг, түрүү авах болзол хийсэн биз. Нэг өдөр тэр морьдынхоо золиосонд үхнэ дээ” хэмээн тавласан удаатай. Хамгийн сүүлд гэхэд Сумын начин Гангаа наадмаар аанай Шагдарын морьд түрүү, айрагны ихэнхийг нь авахад “Чиний цаг удахгүй төгсөнө. Чамайг эцсийн замд чинь явуулна” гэж занасан байна. Шагдар бол угсаат тайж Тэгшийн хойч үр садын нэг бөгөөд эртнээс хурдан морьдтойгоороо алдаршсан удам сайтай айлын үр билээ. “Улаан” Тэгш хэмээх хамжлага цөөтэй хохь тайж дээр үед аж төрж байсан агаад “Цоохор” Гангаа начингийн элэнц, өвөө нар нь тэдний албатууд явсан гэлцдэг. Хүний араншин гэж хачин. Ардчилсан хувьсгал мандахад “Цоохор” Гангаа начин согтоод “Танай удам дандаа бидний дээр явдаг цаг дуусна аа” гэж заналхийлж байсан боловч Гангаа начны хүүхдүүдээс өөдлөн дэвжсэн нь үгүй. Шагдар уяачийн хүүхдүүд эхнээсээ сумын Засаг дарга болсон ба аавынхаа ятгалгаар Гангаагийн охиныг тамгын газрынхаа албанд авч байсан удаа бий. Тэглээ гээд “Цоохор” Гангаа баярлах биш бүр жөтөөрхөн хорссон нь сонин. Намрын дулаахан шөнө Шагдар уяач шөнө дунд “Морь харах”-аар босчээ.

Үнэн хэрэгтээ тэр зарим шөнө энэ шалтгаанаар босч гараад туслах малчнаар хүчээ өгдөг Баярсайханы эхнэр Уранчимэгийн өвөрт ордог байсан билээ. Баярсайхан бол номхон нь дэндсэн хэл муутай ноомой эр. Эхнэр нь бол амандаа хэл нь багтахаа больсон юм шиг амтай, хэлтэй “галзуу” хүүхэн. Тэр эмийн халуун өвөрт орохдоо Шагдар уяач даанч дуртай. Өвгөнийхөө мөрөн дээр гараад суусан Уранчимэг унтах цаг нь болохоор Шагдарын чихэнд шивнэж, гэрийнхээ гадаахь тэргэн дээр хононо. Тэдний явдлыг Шагдарын авгай, Уранчимэгийн нөхөр хоёр мэддэг, үгүй нь ойлгомжгүй. Мэдлээ ч хэн хэн нь амаа үдүүлсэн мэт дуугардаггүй улс. Гэтэл намрын тэр шөнө Гангаа начин, ноомой Баярсайхантай эвсэж хоёр хүүгээ дагуулан ирээд отож байжээ. Шагдарыг тэргэн дээр хэвтэж буй Уранчимэг рүү очсон тэр үест “Цоохор” Гангаа түүнийг боож унагаад мориндоо дүүрэн авч оджээ. Баярсайхан гэртээ хоцорчээ. Тэгсэн “Цоохор” Гангаа начин өвөлжөөндөө ухаан алдсан Шагдарыг аваачаад хүлж агтлаад тамлан зовоосон байна. Дахиад морь хэзээ ч уяхгүй гэсэн ам өчиг өгөхийг түүнээс шаарджээ. Шагдар зөвшөөрсөнгүй. Түүнд нь хилэгнэж, галзууртлаа уурласан “Цоохор” Гангаа хүзүү хоолойг нь шахаж, бачимдан орилсоор амийг нь хөнөөчихсөнөө сүүлд л мэдсэн байна. Шагдарын эхнэр босч явсан нөхрөө цаг хэрээтэй болоход буцаж ирээгүйд гомдолловч Баярсайхан, Уранчимэг хоёрыг хөөж чадах биш. Айлын эхнэртэй нөхцсөн өвгөндөө гомдож, өглөөтэй золгосон ч Шагдар алга тул сэтгэл зовж эрэлд гарчээ.

Гурав хоногийн дараа нөхрийнх нь цогцос гэрээсээ арваад километрийн цаана байх Бархөл нуурын хөвөөнөөс олдоход танигдахааргүй болсон байжээ. Тавин гурван настай Шагдар уяач өөрөөсөө хориод дүү хүүхэнтэй нөхцсөний хариу нь энэ болов гэж түүний авгай бодовч нэгэнт гучин хэдэн жил ханилсан авааль эрийнхээ үхэлд Уранчимэгийг сэрджээ. Гэтэл Уранчимэгийн нөхөр нь эхнэрээ хэрэгт орох нь гэж айхдаа “Цоохор” Гангааг хэлсэн тул хэргийн эзэн, хэнгэргийн дохиур тэрбээр долоон хоног гүрийгээд тэсэлгүй амь насанд нь хүрсэн гэдгээ мэдүүлжээ. Ингэж Шагдар уяач хүний гарт үрэгдсэн бол “Цоохор” Гангаа шоронд ясаа тавьсан байна. Харин Уранчимэг нөхрөө хаяад явжээ. Тэгсэн ноомой Баярсайхан солиорол өвчин тусч “Миний хажууд Шаагаа уяач ирж суучихаад босохгүй юм. Урнаа намайг хаяад явсныг хэлсэн боловч нэмэр алга. Авгайг маань надаас нэхэж шалгаагаад байна” гэж ярьж явдаг болжээ. Эмч үзээд түүнийг сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул хот руу явуулж Шар хадны эмнэлэгт хэвтүүлье гэсэн ч солиотой боловч хүн амьтанд гэмгүй түүнийг эмнэлэг явуулсангүй. Баярсайхан өдөр ч, шөнө ч унтахгүй өнөөх л юмаа ярьж явах. Тэгтэл нэгэн өглөө түүний цогцсыг үхрийн хашаан дотроос олсон бөгөөд хоолойг нь боож алсан байв. Гэвч хүнд алуулсан гэх ямар ч ул мөр олдсонгүй. Өөрийгөө гараараа боомилж хөнөөжээ гээд тэр хэргийг хаажээ.

Хэнд ч хэрэгцээгүй тэр амьтны үхэл бас хэнд ч сонин биш байсан тул тэгсэн биз ээ. Хачирхалтай нь, хагас жилийн дараа Баярсайхан үхсэн үхрийн хашаан дотроос хэн нэг хүний үглэж бувтнах чимээ сонсогдох болов. Балданцэрэн гэдэг сонин уншимтгай өвгөний ярьснаар бол яалтгүй Баярсайхан ганцаараа ярьдаг гэнэ. Тэгэхдээ “Шаагаа гуай, та миний эхнэртэй нөхцөхөө болиоч. Би гуйя. Тэгэхгүй бол би таныг алчихна. Эсвэл “Цоохор” Гангаа ална” гэсэн яриа дуулддаг гэнэ. Энэ ярианд хэн итгэх вэ. Гэтэл зуны нэгэн саруулхан шөнө Шагдар уяачийн бага охин Бурмаа үхрийн хашаан дотор Баярсайханыг “Цоохор” Гангаа багалзуурдан боомилж байхыг үзжээ. Айж сандарсан бүсгүй гэртээ гүйж ороод ээжийгээ сэрээжээ. Шагдар уяачийн эхнэр мөнөөх үхрийн хашаа руу гэтэж очоод бас үзсэн байна. Тэр байтугай үл үзэгдэх сүүтгэр дүрс сүүмгэнэн “Намайг бүрэлгэснийхээ хариуд та хоёр бие биеэ ална даа. Зовж үхнэ дээ” гэх нь яалтгүй Шагдар уяачийн дуу байжээ. Түүнээс хойш үхрийн хашаан дотроос хүн дуугарах нь сонстохоо болиод харин гурван хүний сүг дүрс л хоорондоо зууралдан, дээр дороо орж ноцолдох дүрс үзэгддэг болсон байна. Шагдар уяачийн эхнэр энэ муухай байдлыг арилгахын тулд лам залж ирсэн тэр орой гэнэт Уранчимэг тэднийд ирсэн аж. Гэхдээ тэр явсан ажээ. Гэтэл өглөө нь түүний цогцсыг мөнөөх хашаан дотроос олсон бөгөөд хамаг хувцсаа тайчиж шалдлаад үхсэн байх ба бүх бие нь хуу маажуулсан мэт зурагдаж шалбарсан байсан гэдэг. Тэр цагаас хойш тэдний сүг дүрс дахин үзэгдээгүй боловч Шагдар уяачийнхан болон бусад айл тэндээсээ нүүж ахин эргэж очоогүй гэдэг юм. Гэвч үзсэн хүний ярьснаар эзгүйрсэн тэр үхрийн хашаанаас хачин чимээ анир сонсогддог юм гэнэ лээ.

Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэр


Шавартын гарамны хөл болох Хүхэрт нуур гэж эхүүн үнэртэй нуур арваадхан жилийн өмнө Гурванбулаг сумын нутагт байжээ. Түүний ойролцоох хадат ухаагийн энгэрт бараантах хаваржаанд хүүхэн Жүгдэр гэж ганц бие хүүхэн байх. Хамуугаас салдаггүй заваандуу тэр хүүхнийг Хүхэрт нуурын усаар биеэ арчин хамуунаасаа салсан юм гэнэ лээ гэж ярилцдаг байжээ. Нэг өдөр адуучин Гочоо өглөө эрт Жүгдэр хүүхний гэр рүү дурандсанд өрх нь бүтээлгээстэй байв. Дөхөн очиж өрхийг нь татвал хөөрхий Жүгдэр бөөн хөө тортог болчихсон орон дээрээ үхсэн байлаа. Бодвол ганц бие тэр амьтан амь нь тэмцэж, гал голомттой ноцолдсон бололтой юм.

Адуучин Гочоо эл явдлыг сумынхаа Засаг даргын тамгын газар мэдэгдэж, захиргааны галч, манаач хэдэн хүн ганц бие Жүгдэрийг өөрөө буулгагч самосвал хэмээх машинд ачин Хүхэрт нуурын ойролцоох Бурханы аманд ил оршуулжээ. Эд хогшил болох өөвгөр гэрийг нь бензин цацаад шатаажээ. Ингэж л хорвоогоос нэгэн айл данс дугуйлжээ. Гэтэл хүүхэн Жүгдэрийн сүнс нь хойт төрлөө олохгүй өөрийгөө болон нутаг орныхоо хүмүүсийг жинхэнэ зовоожээ. Нэг удаа хонь хужирлахаар Хүхэрт нууранд ирсэн хоёр банди,
- Жүгдэр эгч шав шалдан Хүхэрт нуурын усанд орчихсон Гандий мод гэдэг дуу дуулаад байж байсан. Бид хоёроос ерөөсөө ичихгүй. Шалдан эмэгтэй хүн үзлээ гэж шохоорхон ярьжээ.

- Нүгэл гэм. Худлаа яриад гээд хүүхдүүдийн эх нь тэднийг тас загнаад тоосонгүй. Хэдэн өдрийн дараа хүүхдүүдийн эцэг болох Болд эхнэртээ “Би хачин юм үзлээ. Нөгөө Жүгдэр чинь Сайрын аманд шав шалдан цэцэг түүгээд явж байх юм. Би эхлээд анзаарсангүй. Морь үргээд хамар нь тачигнахаар л мэдлээ” гэв. Эхнэр нь эргэлзэж эхлэв.
- Тэр тэгээд манай үүгээр яагаад эргэлдээд байгаа юм бол?
- Би нэг эмээлийн модны өртэй байсан юм. Түүнд л хоргодоод байх шиг байна гэж нөхөр нь өчжээ.

- Ээ, Бурхан минь! Түүнийг нь хурдан өг. Хэдэн хар толгойд гай нь ирнэ гэж эхнэр нь цовхчив. Удалгүй Болд хүүхэн Жүгдэрээс авсан эмээлийн модыг түүнийг нутаглуулсан газар аваачиж залсан байна. Эмээлийн модоо Болд хааяа дурандахад байж л байдаг байв. Нэг үдэш Болд адуугаа залж явахдаа нөгөө эмээлийн модоо дурандсанд хүүхэн Жүгдэр дээр нь сандайлчихсан “Жонон хонгор” гэдэг дуу дуулаад цогиод байхыг үзжээ. Үүнийг эхнэртээ хэлсэнгүй, зөвхөн энэ эмээлийн модыг энэ нутаг уснаас холтговол хүүхэн Жүгдэрээс салж болох юм байна гэж сэтгэв. Хүссэн юм хүзүүгээр гэгчээр нэг өдөр баахан тууврын хонь туусан “Тэнгэр” ХХК-ийн туурварчид Болдын хот айлыг бараадан ирж хоногложээ. Болд эхнэртээ,
- Би очиж тууварчидтай уулзаж хуц сураглая. Увсын баяд хонины хуц олж авбал ирэх жил сайхан хургатай болно. Аян замын улс алжааж яваа биз. Цай уулгая гэсээр одов.

- Одоо төмсөгтэй хуц тууж явдаг ямар тэнэг хүн байдаг юм бэ гэж нөхөрийнхөө маанаг, мулгууг эхнэр нь гайхсаар гэртээ үлджээ. Удсан ч үгүй нөхөр нь гурван хүн дагуулсаар, хоёр хурга өвөртөлсөөр, гурван хонь туусаар их л баяртай ирэв. Болдын ярьснаар бол хоёр хонь замдаа хургалж хоёр эр хурга гарсныг нь бэлэглэсэн гэнэ. Нөгөө гурван бүдүүн хонь нь сайхан танилцсаны билэг дэмбэрэл болгож өгсөн ажээ.
- Энэ Увсынхан чинь замд тааралдсан айлдаа хонь тараагаад явдаг тийм баян хүмүүс үү? Гэнэт олдсон олз гэдсэнд цөвтэй гэдэг юм. Хэдэн төгрөг өгөөд сал гэж эхнэр нь хэлсэнд Болд,
- Эр улсуудын явдал чамд падгүй гээд өнгөрчээ. Хоёр хоногийн дараа Болдын эзгүйд Увсын нэг тууварчин эмээлийн мод барьсаар тэднийд давхиж ирж, мориноос ч буулгүй,
- Шалдан хүүхэн шөнө майханд орж ирээд эмээлийн мод өг гэж биднийг загнаад болдоггүй. Энэ буг бузар шингэсэн модоо ав гээд шидчихээд,
- Гурван хониороо цадаарай гээд давхиад явчихжээ.

- Ийм нүдний булай байх гэж эхнэр нь цовхчиж байтал оройхон Болд согтуу ирэв. Эхнэр нь түүнийг гэртээ ч оруулалгүй уяан дээр очиж нөгөө эмээлийн модоор нөхрөө баахан нүдэж,
- Харуй бүрий болохоос өмнө наад үхээрийн бузар шингэсэн эмээлийн модоо манай гэр орноос зайлуул гээд хөөжээ. Эмээлийг ганзагалаад явсан Болд тэр өдрөө ирж хоносонгүй. Маргааш үд хүртэл ирсэнгүй. Эхнэр нь айж эхлэв. Гэтэл том хүү нь,
- Аавын морь хэсэг морьдтой цуг эмээлтэйгээ Хүхэртийн нуурын дээр байна гэнэ. Содов сая замд тааралдаад хэллээ гэв. Хэрэг буруугаар эргэсэн болохыг эхнэр нь мэдсэн ч нөхрөө эмээлийн модоор жанчсаныг тас нуув. Удалгүй багийн Засаг дарга давхиж ирэв. Хүхэртийн нуурын хойт энгэрт баахан тас эргэлдээд байх юм. Танай мал бүрэн биз? Чоно, нохойд юмаа алдаагүй биз? Мал сүрэг чинь бүрэн үү гэжээ. Болсон бүх явдлыг эхнэр нь Засаг даргадаа уйлан хайлан ярив. Тэд машинтай нөгөө газар ирэхэд Болдын хоёр нүдийг хэрээ ухаад азаар цогцос бүтэн байжээ. Тэд Болдын цогцсыг гэртээ авчирч нэг хонуулаад оршуулав. Нөгөө тавьсан эмээлийн модыг шатаажээ.
Түүнээс хойш Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэрт үзэгдэхээ больсон гэдэг. Болдын 49 хоногийг хураахдаа учир шалтаг шалтгааныг ламаас асуусанд,
- Та нөхрөө эмээлийн модоор юу гэж нүдсэн юм бэ гэхэд эхнэр нь газар ширтэж дуугүй гөлийсөөр юу ч дуугараагүй гэх. Ийнхүү Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэр нэгэн айлын өрхийн тэргүүний толгойг залгиад тонилжээ.

Шорон дамжсан “зайран” Дамдин Б.Ширэндэв, Б.Ренчин хоёрын нүдэн дээр алга болжээ


Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын дархад “зайран” Жамбын Дамдингийн адал явдлыг нутаг усныхан нь төдийгүй нийслэлчүүд, ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ. Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг.

Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ. Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ.
Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз. Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ.

Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ. Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ.
Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав. 1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ.

Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй. Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ. Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан.

Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ. Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ.

Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая. Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм.

Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой. Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм.

Хар хэлтний хараалын халтар бараан үгс


Хараал нь аль ч улс, үндэстний үгийн санд хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг өвөрмөц хэллэг юм. Монголчууд хараалаас машид цэрвэмтгий ард түмэн. Гэхдээ амьдрал ахуй, ажил төрөл, хоорондын харилцаандаа хэрэглэсээр ирсэн баялаг уламжлалтай. Хараая гэж хараадаггүй ч хэл халтираад хараачих нь байдаг л байх.
Хараамтгай хүмүүсийг хар хэлтэй гэдэг. Энэ нь хар өнгийн хэлтэй хүн хараалч байдаг гэсэн үг биш л дээ. Хараалыг өөрийг нь хар өнгөтэй зүйрлэснийх биз. Тэгээд ч хараалд ямар олиг байх вэ. Хараал, уулга алдалт хоёр нарийндаа төстэй ч тэс өөр хоёр зүйл юм. Зарим газар уулга алдахдаа “Хөх тэнгэр”, “Үхсэн хүүр ээ”, “Эзнээ алдмар” гэх нь бий. Тэр нь бүр амных нь уншлага болчихсон үндэстэн, аймаг, сумынхан ч байдаг. Ихэд соёлтой хараадаг боловсрол нэн өндөр нэгэн ч буй.

Тухайлбал, “Алтаар урс”, “Тосоор гоож”, “Эрдэнэс залгимар” гэх юм уу өөр ямар нэгэн бэлгэтэй үгсээр ихэд унтууцсанаа тайлах нь байдаг л юм. Хар дом хийгээд хараалын бүхэл бүтэн судар бүтээсэн ард түмэн бол монголчууд билээ. Түүнээс гадна эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодномын “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” бүтээлд хараалын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Дээр дурдсан судар болоод бүтээлд орших зарим нэгэн хараалын хэлц үгнээс хүргэхийг зорив. Гэхдээ хараал сурч бусдыг хаа дайралдсан газраа харааж яв гэж буй юм биш шүү. Боловсрол, соёлт хүн болгон ганц нэг гарчиглачихад гэмгүй гэж үзсэнээс түүнийг сонгосон болно. Олныг үл нуршин өргөн тархсан зарим хараалаас одоо өгүүлье. Мартсанаас зарим газар хараалыг зүхэл гэх нь ч буй.

“Гангинахаас ганц нохойтой, Хангинахаас хар тогоотой
Үргэх малгүй, үнсэх үргүй бол”, “Тэгнэх тэмээгүй, тэврэх ханьгүй бол” гэх зэргээр шууд хараах нь бий. Гэтэл далд утгаар егөөдөн хараах нь ч бас байдаг ажээ. Жишээ нь, “Нар сарыг гэртээ мэндуулж, навч цэцгийг хотондоо ургуулж, явган нүүж, нүцгэн жарга” гэх нь, ээ. Энэ юу хэлэв гэхээр “Цоорхой гэртэй, хотлох малгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй яв” гэсэн үг юм байна. “Чихээ огтлуул, чөмгөө ташуул, хэц дэрлэ, хэрээнд тоншуул” гэдэг хараал ч байдаг ажээ. Тоглоом даадаггүй хүнд тун осолтой үг юм. Энд голдуу ардын аман зохиолын хэлбэрээр үлдсэн хараал дурдсаныг хэлэх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын хараал бараг тэр чигээрээ шидэт үг буюу шүлгийн шад, мөр гэсэн үг юм.

Хараахдаа хүртэл цэцэн цэлмэг ард түмэн гэдгийг өгүүлж буй хэрэг. “Аманд нь адруу, хэлэнд нь хэдрүү, нүдэнд нь өвдөг, хамарт нь хатиг ургамар” гэж нэг хараал байх. Баруун монголчуудын дунд үүнээс гадна “Долоон эрийн нүүр үзмэр” гэсэн дэлгэрсэн хараал буй. “Барьсан гэр чинь бариатайгаа өгөр, тулсан тулга чинь тулаатайгаа зэвэр” гэх жихүүдэс даамаар хараал бас байх. “Үүдэн дээр чинь ууль хашгир, үнсэн дээр чинь үнэг хөрвөө” гэх ёролсон агуулгатай хараал ч харагдана. “Яранд идүүлж, яс нь цаймар” гэх хараал харин хаа очиж элбэг тохиодог шүү. Дан хараалын аман зохиолоос гадна хариулга болох ерөөл маягтай хэллэг ч дайралддаг. Олны мэдэх ганц нэг жишээ авъя.
“Хараал чинь ерөөл болог, хамар чинь тунхуу болог. Хэлсэн эрүү хувхайрч, хэлүүсэн хүмүүн жаргаг” гэх буюу “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэх зэрэг гүн ухааны гэмээр хараалын хариулга элбэг тохиодог ажээ. Говийнхны нэг хэцүү хараал ийм ажгуу. “Тоононд чинь тогоруу өндөглөг, тогоонд чинь хулгана үүрлэг” гэсэн ахуйн сэдэвтэй аж байдлын гэхээр хараал байна.

Хараалын аман зохиолын хамгийн баян хэллэг, хэлц бүхий нь бөөгийн дуудлага буюу тамлага юм. Энд бид зөвхөн “Цахирын ээжийн тамлага” гэдэг бөөгийн дуудлагаас толилуулъя.
    Хаан дэлхийгээ алд
    Хатан улсаа алд                 
    Хан харалбай чинь харла              
    Тойруулга захаа хяргуул              
    Толгойгоо тас цавчуул 
    Сахилаа газарт булуул     
    Санваараа модонд өлгүүл
    Бурхан гэдэг чинь
    Будаг, шавар хоёр
    Лам гэдэг чинь
    Лагс толгойтой сангас
    Ном гэдэг чинь
    Бэх, цаас хоёр
    Шашин гэдэг чинь
    Шавар шанхай хоёр
    Далай ламд мөргөвөл
    Далан гурав цавчуулна
    Богд ламд мөргөвөл
    Борви, сүүжээ таслуулна хэмээн бөөгийнхөн бурханы шашинтай арцалддаг ажээ.
“Хүний махан хүнстнүүд, хүрэл чулуун зүрхтнүүд” гэж эхэлдэг дархад бөөгийн ерэн есөн тэнгэрийн тамлага нарийндаа мэргэжлийн хараал, зүхэл гэхэд болно.

Монголчууд бөө, мөргөлийг Баруун Монголын буюу урианхай, өөлд, дөрвөд, дархадын, Зүүн Монголын болох буриад, барга, хамниган гэх зэргээр үндэстэн ястан, үүсэл гарлаар нь ангилдаг юм байна. Хамгийн хэцүү, хүнд хараалтай нь дархад бөө нар гэдэг юм билээ. Тиймээс ч Хөвсгөлийн хүнтэй бүү марга, маргалаа ч битгий хэрэлд гэдэг нь ийм учиртай ажгуу. Орчин цагийнхны хараал бараг амны уншлага, аав ээжийн нэр шиг болоо юу даа гэх харуусал төрдөг. Нэг үг хэлээд л “П... минь” гэх нь ердийн юм. Оросуудаас авсан гэх энэ хараал бидний аав, ээжийн үеэс л уламжилж ирсэн байдаг. Гэхдээ эрчүүд л хэлэхээс эмэгтэй хүн амандаа ч авдаггүй хараал шүү дээ. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн охид хүртэл уурсахаараа урсгаж өгдөг болжээ. Хараалын утга, мөн чанарыг үл ухдаг, тэр талаар нь томчууд тайлбарлаж өгдөггүйгээс ч тэгдэг болов уу. Хараал хэлэхгүй, хэлүүлэхгүй байх талаар хичнээн жил тэмцээд ч халж, сольж чадалгүй өнөөдөртэй золголоо. Энэ ер нь нийгмээс салдаггүй зүйл бололтой дог шүү.

Мэргэд чухам юу гэж үздэгийг нь мэдэхгүй юм. Архидалтаа арилгаж чадахгүй байж хараалтай давхар тэмцэх хэрэг байна уу? Тэгээд ч ёстой арилгаж чадахгүй юмны нэг нь тэр гэх улс ч буй. “Үгээр үхүүлж болдог” гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй байх. Үг энергитэй нь ойлгомжтой.
Тиймээс ч дом, шившлэгийг үгээр үйлддэг буй за. Тарниар олон зүйлийг номхотгож болдгоос үзсэн ч хараалд олиг байхгүй нь тодорхой. Хараалгаснаас хараасан нь хохирдог гэдэг үг ч бий дээ. Хараал хар энергитэй гэдэг ортой болж таараад байгаа юм. Тэгэхээр амандаа авамгүй л юмны нэг дээ. Хэрхэхийг та өөрөө мэднэ буй за.

Долоон нөхөр нь долуулаа ижил өвчнөөр талийсан нь Должин удганы хараал байжээ


Баруун монголчуудын дотор “Долоон эрийн нүүр үзмэр” гэсэн хараал гэмээр хэлц үг байдаг. Үүний амьдралд хэрэгжсэн жишээ гэхээр нэгэн үйл явдал жараад онд Баян-Өлгийн нэгэн суманд тохиосон байна. Адтай, хийморьтой Алтайн урианхайчуудын амьдралд юу эс тохиох билээ. Тэднийхэн голдуу удган олонтой байсан гэх. Тэдний үр хүүхдээс Улаанбаатарт одоо ч буй. Тэр цагт нутаг орондоо дуулиан болж байсан нэгэн явдлыг тоймлон хүргэе. Бөө, удганы хараал гэж байдаг бол түүнийг л хэлэх биз ээ. Жараад онд тэр нутагт нас бие чацуу хоёр Должин байжээ. Болсон явдлыг ярьсан хүний хүсэлтээр нэрийг нь өөрчлөв. Нэг нь удган Должин. Нөгөө нь “хөөрхөн” Должин.

Хоёр Должин хоёулаа нэгэн эрд сайн байж. Бадарч бол бас л тэр хавьдаа нэртэй, устай эр явсан гэнэ. Хоёр Должинтой хоёулантай нь уулзаж, учирдаг зайтай эр байжээ. Удган Должин хэнд ч мөчөөгөө өгөхөөргүй хүүхэн байж. Гэхдээ нутаг усандаа алдартай “хөөрхөн” Должинд яаж хүрэх билээ. Яг суудаг барьдагтаа тулбал “хөөрхөн”-ийг нь сонгохоо мэдэлгүй яахав. Санаа оноо нь ч нэг тиймэрхүү байж. Түүнийг удган Должин ч гадарладаг байсан бололтой. Нэг удаа амьдаатайгаа уулзаад ийн ярьжээ. “Чи нутаг усандаа нуруу туруугаараа алдартай хүүхэн. Нөхөр хаанаас мундахав. Бадарчийг надад өгчих. Тогтоохоо би өөрөө аргалъя” гэсэн байна. Үүнийг сонссон өрсөлдөгч нь ихэд уурсан “Чиний удган, мудганаас айхгүй. Бадарчийг хэнд ч өгөхгүй. Чаддаг, мэддэг юм бол салгаад авахгүй юү” гэчихэж. Ийм хариу сонссон удганы уур хилэн бадралгүй ч яах вэ. Дээр нь эм амьтан болохоороо богино жолоотой нь мэдээж. “Салгаад авдаггүй юм гэхэд салгаад хаячихаа мэдъе. Долоон эрийн нүүр үзмэр минь, долоо гэрлэхийг чинь харъя” гэжээ.

Төдөлгүй Бадарч, “хөөрхөн” Должин хоёр гэрлэн хөлтэй найр хийсэн байна. “Намаржааны дэнжийг найгатал найрлана” гэсэн үгэндээ ч Бадарч хүрчээ. Зөвхөн Алтанцөгцийнхөн ч бус тус сумтай намаржаанаар хиллэдэг Ховдын Эрдэнэбүрэнгийн өөлдүүд ч ирж найр наадам хавтгайрсан байна. Гурван хоногоор тогтсон найр долоо хонохыг бодоход нэлээд үргэлжилсэн нь ойлгомжтой. Найрын гурав дахь өдрийн үдэш шал согтуу удган Должин хаяагаар нь давхиж өнгөрөхдөө ч хараахаа мартсангүй. “Долоон эрийн нүүр үзмэр, долоо гэрлэмэр. Сайн явахыг чинь харна аа” гээд мориныхоо хоёр тал руу найган, ганхан давхиж оджээ. Хуримын баяртаа бялуурсан хос ч анхандаа нэг их юм бодоогүй байдаг. Хурим өндөрлөж, амьдрал ажин түжин болох үеэс нөгөө яриа тэр хавиар газар авчээ. “Энэ хоёр ч нэг юм үзэх нь үзнэ ээ. Удган Должинг урь орхидоггүй сонин улс юм. Ууртай, догшин ч уригдсан хүн эрхбиш сэтгэл цайраад гардаг монгол ёс байна” гэх зэргээр ярьцгаажээ. “Хөөрхөн” Должин ч бодолд дарагдан суух болж. Харин Бадарч нэг их тоосонгүй. “Тэр яавал гэж. Бид хоёр л болж байвал болоо юм биш үү? Тэр тэгж л байг” гэжээ. Ингээд намрын хөлтэй найр мартагдан өвлийн ид бэлтгэл эхэлсэн үед Бадарчид ханиад туссан байна.

Хөдөөгийнхөн ханиад тоох биш харзын ус уусан шиг яваад хүндрүүлж орхисон бололтой. Хамар амнаас нь цус садраад, халуураад байхаар нь сумын эмч дуудаж үзүүлжээ. Уушгины цусан хатгаа туссан гээд сумын эмнэлэгт аваачсан авч тусыг эс олов. Зүүдэнд нь удган Должин гурав заларснаар богинохон амьдралын хувь заяа нь нэг тийш болж “хөөрхөн” Должин хуримлаад хэдхэн сар болоод бэлэвсэрсэн түүх ийм бөлгөө. Хойтохыг нь аргалуулахаар нутагтаа алдартай “шар” хэмээх Гооёод очжээ. Тэрбээр төлөгдөөд “Хань тогтохгүйн хараал иржээ. Хайран хүүхэд их зовох нь ээ” гэсэн байна. Ингээд бурхан болоочийн хойтохыг нь хийн Хоёр Толгойн хүн тавьдаг газар орхиулснаар хоёр яс салсан ажээ. Хэрэг явдал ингээд өнгөрсөнгүй жилийн дараа “хөөрхөн” Должин дахиад нөхөрт гарчээ. Нутгийн бэлтэй хүний хүү Баярттай ханилжээ. Нэг их сүйдтэй хурим найр хийгээгүй ч тэр хавьдаа тэмдэглэсэн нь мэдээж. Тэр үеэр мөн л нэхэл хатуутай зүйл тохиож, удган Должин хаяагаар нь хараал урсган өнгөрчээ. Хосууд мөн л нэг их тоосонгүй.

Гэхдээ “Хөөрхөн” Должин сайн юм болохгүйг бүсгүй хүний совингоороо мэдэрч байж. Төрсөн биеийн үзэсгэлэнг яалтай. Тэр хавийн харчууд амраах биш. Тэгсхийгээд нэг нөхөр шүү юмтай болохгүй бол хэцүү байсан биз ээ. Бас л өвөл золгодог үеэр шинэхэн нөхөрт нь шидээврийн томуу тусчээ. Бүх юм болдгоороо болохыг мэдсэн бэлтэй эцэг нь өнөө Гооёод очсон гэдэг. Гооёо хавьтуулаагүй гэнэ билээ. “Би оролцмооргүй байна. Бусдаар бол хамаагүй ээ” гэсэн нь бараг “Хойтохыг нь л хийж тусалъя” гэсэнтэй адил сонсогдсон гэх. Аргаа барсан эцэг нь аврал эрэхдээ Удган Должинг аргадах гээд ч чадаагүй гэнэ билээ. Сумын эмнэлэгт очоод хэд хонов уу үгүй юү хамар, амнаас нь цус садраад л яваад өгчээ. Хойтохыг нь харин “шар” Гооёо хэлсэндээ хүрч аргалснаар хэрэг явдал өнгөрч “Хоёр Толгой”-д хоёр дахь цогцос хаягдсан нь тэр. “Хөөрхөн” Должин хоёр жил орчим гансарч суутал аймгаас ирсэн малын эмч гэх Сагсай сумын гаралтай Дамба гэгч эргүүлээд эхэлжээ. Өдөр, шөнөгүй ил, цагаан эргүүлэх болсон байна. Бурхан номоос хол шинэ үеийн сэхээтэн болохоор “Тэр яадаг юм? Чамайг аваад аймаг явчихъя. Газрын холд ганц муу удганы хараал хүрэхдээ яахав” гээд болоогүй гэдэг. “Хөөрхөн” Должин хөдөөгийн амьдралаа гээж, суурин амьдралд шилжихээр оджээ. Нутаг, усныхан нь ч нэг юм санаа амарцгаасан бололтой “Ашгүй дээ. Газар, нөхөр хоёроо солиод үзэг” гэлцжээ. Ёстой юм ёсоор болж, хосууд аймгийн төв рүү одоцгоон амар жимэр болсныг хэлээд яах вэ. Гэтэл ёозгүй мэдээ ирэлгүй яах билээ. “Хөөрхөн” Должин хөсрий царайлаад хүрээд иржээ. Хэд хоногоос хэл ам гаралгүй яахав. Дамба эмч мөн л уушгины цусан хатгаагаар аймгийн хүн тавьдаг газрыг “чимсэн”-ээр хэрэг явдал өнгөрсөн байна. “Хөөрхөн” Должин гурав дахиа бэлэвсэрсэн түүх энэ. Хойтохыг нь аймгийн нэгэн хар хүн аргалахдаа “Зовлон талдаа л оржээ” гэсэн битүү, хадуу үг хэлсэн нь хараал хүрснийг давхар нотолсон байна. Нэгэн насны хараал “хүртсэн” Должин эгэл, даруу аж төрж эхэлсэн ч энэ хорвоогийн эрээн бараан дуусах биш. Дахиад нөхөрт гарах чимээ гарчээ. Өөрөөсөө хэд дүү, цэргээс ирсэн Ганаа гэх галзуу, солиотой нь мэдэгдэхгүй нөхөртэй болов. Ганаа цэргийн алба хаасан болохоор бас л баргийн юм тоохооргүй хүмүүжилтэй болсон нь мэдээж. Бие хаа өсгөлүүн талбиун, барилдаж ноцолддог түүнийг хаа очиж өнөө цусан хатгаа матгаа даамааргүй харагдсан нь ойлгомжтой.

Ханиад байтугай хавдар ч дийлэхээргүй ханхар эрийг яалтай. Гэм нь эцэг, эхийнхээ үгийг аваагүй байгаа юм. Хүмүүс “Одоо л харъя. Ханиадаар аваад явдаг хараал байдаг бол “галзуу” Ганааг дийлэхгүй байх” гэлцээд бараг баяр наадам хүлээх мэт харцгааж байсныг нутгийн хөгшин яриандаа өгүүллээ. Ёстой юунд ч дийлдэхээргүй эр халуун зунаар ханиаж найтаагаад эхэлсэн нь нэг л сэжигтэй байж. Ээж нь гярхай хүн тул эртнээс сумын эмчид үзүүлсэн ч цаадах нь халуун зун юун ханиад байх билээ гээд кальци хлорид, тарваган шийр өгөөд мордуулсан байна. Хоёр эмээ харзын усаараа даруулж уусаар хүндэрч хамар, амнаас нь цусан судал татаж эхэлжээ. Хэрэг бишидсэнийг мэдсэн эцэг нь хүүгийнхээ амийг аргалуулахаар Гооёод очсон ч нэгэнт оройтсоныг дуулжээ. Баяраар барилдах ёстой сумын заан “галзуу” Ганаа хэвтэрт байсан гэдэг. Хэд хоноод нүд аньсанаар “хөөрхөн” Должин дөрөв дэх нөхрөө гээв. Одоо ёстой больё гэж бодсон мань хүн хорвоог ганцаар туулахаар сэтгэл шулуудаж үзсэн ч барсангүй. Бавуу гэх агент залуутай хүнээс далдуур уулзаж учрах болжээ. Тэгээд ч бодлоо өөрчлөөгүй ажээ. “Хоёулаа сууж бариад яахав. Зовлон, жаргалаа хувааж явъя” хэмээн тохирсон юм байх. Тэгэсхийж байтал тэр жилийн Цагаан сар болж, мань Бавуу Должинд туслах нэрээр гэрт нь хэд хонохгүй юү. Битүүний өдрийн өглөөгүүр бие нь бишдээд эхэлжээ. Өвчний ерөнхий шинж тэмдэг уншигчдад нэгэнт тодорхой болсон тул нуршаад яах вэ. Эцсийн оношоороо илгээгджээ. Суусан, суугаагүй хамаагүй дэр нэгтгэсэн болгон “дээш морилох” ёрын өвчнөөр явав гэнэ, хөөрхий. Должингийнд тав дахь хань ийнхүү баталгаагүй ч бурханы орноо эртхэн яваад өгчээ. Нутгийнхан “Ханийн тэнгэргүй, харалсан хүүхэн” гээд Должинг тэр үеэс үзэхээ байсан байна. Аргаа барсан Гооёо оточ сэтгэл, зүрх гарган удган Должингийн очиж “Уучлах, нигүүлсэх”-ийг нууцаар гуйжээ. Удган Должин нүүр өгөөгүй агаад “Нэгэнт шийдчихсэн юмыг эргүүлж болохгүй. Өөрийг нь өнгөрөөе. Дахин хоёр гэрлээд дараа нь нүднээс далд орно биз. Улаанбаатар руу яв гэж хэл” хэмээгээд үджээ. Төдөлгүй Тувагийн нэг хэл ам нь мэдэгдэхгүй Жав гэх жартгар хар юм мал хайж яваад Должинтой таарснаас хойш салахаа мартсан байна. Хаа байсан Цэнгэл сумын тэр мангар гэрээ мартсан гэсэр болсон бөгөөд урианхай айл хэсч, ууж идсэн амьтан явдаг байгаад ид намрын дунд сард итгэмээргүй өвчинд нэрвэгдэх нь тэр. Хэрэг бишидсэнийг мэдсэн сэтгэл сайтай эрчүүд хэрэг явдлыг ойлгуулаад эртхэн гэрийнхээ барааг харахыг зөвлөжээ.

Ингээд мань мангар тува нэг юм нутаг руугаа мордсон бөгөөд Цэнгэл хайрханд нь хүртэл гаргаж өгсөн эрчүүд “Замдаа гэнэт муудчихсан. Эрт явсан нь болж. Эс тэгвэл хүний нутагт ясаа тавихгүй юү. Одоо ч үгүй болоо биз” гээд өнгөрчээ. Тэр мэдээж таалал төгсөө биз ээ. Тэгсхийгээд нутгийнхан цагаандаа гарч нэг насных нь амьдрал замарсан юм. Ад үзээд яахав. Гооёо нэг аргална гэсэн гэнэ лээ. Тэр хүртэл тэгсхийгээд байж байг гээд тоохоо ч байж. Должин ч овоо тэсч, нэг үе ажин түжин болоод иржээ. Нутгийнхан ч ойр, ойрхон үхэл хагацал үзэлгүй овоо тайвширч байтал хэрэг бишидсэн байна. Чандага гэх хачин нэртэй Бугат сумын гаралтай чөрийсөн өндөр эр Должингийн сүүлчийн нөхрөөр бараг хүсэн байж тодорсон юм байх. Должинг аваад Бугат сум руу тонилжээ. Бугатын урианхайчууд Алтанцөгцийнхнийг бодвол арай зэрлэг, балмад болохоор баргийн юм тоодоггүй бололтой.

Заримыг зах зухаас нь сонссон ч зангаа хувиргаагүй гэдэг. Должин ийнхүү өөр сумын, бүр уулын бэр болоод оджээ. Хачин сайхан хүүхэн дагуулж ирсэн чөргөр Чандагын аав ээж, ахан дүүс хөл хөөрцөг болон угтсан гэдэг. Хурим найр болж, хэд хоног саваад сумаа чимсэн бэртэй болж авчээ. Нөхөр л тогтдоггүйгээс биш Должин уг нь ааш, ажил муугүй хүүхэн байсан гэдэг. Хүний нутагт ч нэрээ бодоо биз. Ундтай, устай хүүхэн гэгдээд орж гарагсдын амны чимэг болоод иржээ. Хадмууд нь ч хөл хөөрцөг болохын хамт тэгсхийгээд Алтанцөгц орж, худ урагтайгаа танилцана гэх үг ч унагах болж. Хэрэг явдал хэрхэхийг төсөөлсөн “хөөрхөн” Должин дотроо элдвийг бодовч гаднаа юу ч болоогүй мэт явсаар байж. Удалгүй Чандага ханиагаад эхлэхгүй хаачих билээ. Чөргөр Чандага байтугай ханхар сумын заан даагаагүй ханиадыг яах билээ. Бугат сумын эмчийн тавьсан “уушгины цусан хатгаа” оноштойгоор хорвоог орхисон байна.
Ийнхүү Должингийн долоон нөхөр долуулаа нэг өвчнөөр өөд болсныг нутгийнхан өнөө ч дурссаар. Удган Должингийн хараал үүгээр нэг юм цэглэж, “хөөрхөн” Должин хөдөөгийн биш хотын хүүхэн болон халхын нэгэн хээгүй эртэй ханилж, ганц сайхан хүү төрүүлж энэ зууны эхэн хүртэл Баянхошуу гэх газар хүний ёсоор аж төрсөөр хорвоог туулсан сонин амьдралтай нэгэн байж билээ. Өтөлтлөө өнгөлөг явсан энэхүү эмэгтэйн эмгэнэлтэй, эрээн бараантай амьдралыг өгүүлэхэд ийм бөлгөө.

Удганы хараал гэж байж магадгүй л эд шиг санагдана билээ. Нэг хүүхний долоон нөхөр нэг өвчнөөр өөд болох ч тийм элбэг тохиолдол биш нь тодорхой. Тэгэхээр нэг юм болох нь болсон биз ээ. “Хөөрхөн” Должингийн хүүгийнх харин өнөр өтгөн айл болсон гэдэг юм.
Одоо ч Баянхошууны хэдэн урианхайчуудын нэгэн бөгөөд “уриахай сур” сайн харвадаг, ээжийгээ дууриасан гэхээр нуруу туруу, нүд хөмсөг болсон эр байх ажгуу.