Та яг одоо Монгол долгион 102.1 буюу дэлхийд Mglradio.com радио сонсож байна.




Free Shoutcast HostingRadio Stream Hosting

Thursday, November 20, 2014

Гэнэт баяжих гэдсэнд халтай


Шөнө босоод жорлон руугаа ортол урд нь өндрөөрөө тохойн чинээ жижигхэн хар хүн сууж байхыг үзээд Энхбат үхтлээ айжээ. Муухай орилоод гарч гүйхдээ “Арай энэ чинь хий юм хардаг болов уу, яав” гэж өөрийгөө буруутгасан хэдий ч айдаст автсан хэвээрээ байв. Зүрхшээн байж жорлонд бие засаад гарахдаа хий юм үзсэндээ итгэхэд бэлэн байжээ. Гэтэл гал тогооны өрөөндөө орж хүйтэн жүүс ууж байтал ширээн дээр нь мөнөөх өчүүхэн жижиг хүн хуруугаараа этэн зангаж байхыг хараад ухаанаа алдах шахжээ. Тэр шөнө нойр нь хулжаад удтал унтаагүй бөгөөд арай гэж унттал нөгөөх жижигхэн хар хүн бугалганы чинээ болтлоо намсчихаад цээжин дээр нь дэвхэрч “Босооч, сэрээч. Юугаа хийгээд дэмий хэвтээд байгаа юм бэ?” хэмээн хашгичиж, үснээс нь зулгааж байна гэж зүүдлээд муухай орилон сэржээ.

Авгай нь өндийж “Хар дарав уу, яав? битгий дээшээ харж хэвт л дээ. Хажуугаараа хэвт” гэж зөвлөхөд Энхбат босч тамхиа асаав. Одоо тэр айхаа больжээ. Яасан бэ гэвэл мөнөөх хуруун чинээ болтоо жижгэрсэн хөгшин царайтай хар нөхөр яг өмнө нь агаарт зогсоод нүдээ ирмэж байхыг харахдаа ердөө сэжиглэж жийрхсэнгүй. Ямартаа түүн рүү хуруугаараа чичлэн “Чи хэн бэ? Яах гэж намайг ээрээд байгаа юм бэ?” гэж асуужээ. “Одоохон гэрээсээ гараад цэцэрлэг рүү оч. Саравчинд орвол ширээн дээр ууттай юм байгаа. Түүнийг ав. Чи түргэлэхгүй бол хүн ирчихээд авах нь байна шүү” гэжээ. Энхбат гайхсан ч гарчээ. Үүрийн таван цаг учир сүрхий сэрүүхэн ажээ. Цэцэрлэгийн модон саравчин доторх ширээн дээр цэмбэн уут байхад нь онгойлговол зангидсан нударган чинээ алтан ембүү үзэгджээ. Энэ үед хэн нэгэн бархиран дуулсаар гарч ирэхэд Энхбат даруйхан гэр рүүгээ буцжээ.

Цэвэр алтан ембүү байлаа. Харин өнөөх жижигхэн хар хүн хаана ч харагдахгүй болжээ. Энхбат өөрийгөө бараг харь гаригтай холбогддог хүн шиг санасан төдийгүй ид шидийн ямар нэг увидастай ч байж магадгүй гэж санасан байна. Тэрбээр өнөөх алтан ембүүгээ ханасан үнээр нь худалдаад жийп авч унав. Гэнэт хөлжсөн Энхбатыг хүн бүхэн биш юм гэхэд төрүүлсэн эх, ханилсан эхнэр хоёр нь бүр гайхсан билээ. Мөнгөнд умбасан Энхбатын ааш зан өөрчлөгджээ. Үе үе хонуут, өнжүүтээр буудлаар хоноглох үе мултарсан охид, бүсгүйчүүдтэй садарлах болжээ. Өөрийгөө хэзээ ч автобусны мөнгө, хоолны мөнгөөр гачигдаж яваагүй юм шиг л бардаж сагсагнажээ. Эхнэрийнхээ дур хүслийг хангах нь бүү хэл өвөрт нь орж унтахаа байсан төдийгүй “Чамтай амьдарч яваад баяс. Хэрэв би явчихвал чи л амаараа шороо үмхэнэ” хэмээн дарамталсан байна. Нөхөртөө тоогдохоо байснаа ойлгосон эхнэр нь уйлж үзэв. Гэвч хаашаа явах билээ. Гэтэл тэр орой Энхбатыг тансаг зочид буудалд биеэ үнэлэгч царайлаг бүсгүйтэй хорвоогийн садарлалд умбаж ахуйд өнөөх жижигхэн хар өвгөн чигчий хуруугаараа этэн дуудаж байхыг үзжээ. Тэр үнэхээр их баярлан хөөрсөн аж.

Энэ удаа ямар бэлэг өгөхөөр ирсэн бол гэж Энхбат горьдсондоо тэгж баярласан байв. Гэвч хуруун чинээ хар өвгөн “Одоо гар. Буудлын үүдний довжоон дээр уут бий. Түүнийг ав” гэхэд мань эр яарч адгасаар гүйж гарахдаа “Бүр том алтан ембүү авчирсан байгаасай. Би улам баяжиж тансагламаар байна” гэж бодож байжээ. Довжоон дээр нээрээ л уут байлаа. Энхбат уутны ам нээгээд л муужирч унасан байна. Сэхээ орж сэрсэн хойно мань хүн тансаг зэрэглэлийн зочид буудалд ч биш, түүний довжоон дээр ч биш хуучин гэртээ хэвтэж байгаагаа мэдэв. Хогшил тавилга нь ч хүртэл яг хуучнаараа агаад алтан ембүүгээ зарж авсан шинэ тавилгуудаас ганц нь ч алга байжээ. “Би хаана байна?” гэж тэр асуусан хойно “Солиотой хог чинь зүүдэлсэн юм байж л дээ” хэмээн санажээ. Гэвч түүний урд чигчий хурууны чинээтэй жижигхэн хар өвгөн сүүтэгнээд хөнжил дээр нь асан алхахыг үзмэгцээ зүүдлээгүйгээ мэджээ. “Чи хэн бэ? Би яасан бэ?” гэж Энхбатыг асуухад өнөөх чигчийн чинээ амьтан хуруугаараа чичиж, “Чамд баян амьдрал зохихгүй юм байна. Хуучнаараа л амьдар. Тэр нь чамд дээр” хэмээн хэлээд алга болчихжээ. Энхбат өрөөн дотуураа өчнөөн хайгаад ч олсонгүй. Тэгэхэд л тэр энэ бол зүүд шиг амьдрал байна, гэхдээ надад зүүд шиг тансаг амьдрал зохихгүй нь үнэн биз хэмээн гонсгорхон мэдэрч билээ.

Бусдад хорлогдсон Шагдар уяачийн сүнс араасаа гурван хүний амийг дагуулжээ


Шагдарын хүрэн гэхээр хонины хөгшин хээр шиг доожоогүй морь байлаа. Аймаг, сум, бүсийн олон том, жижиг наадмын айраг, түрүү авсан болохоор хүмүүс тэр хүрэн морийг хайрлана. Шагдарт ганцхан энэ хүрэн азарга байгаагүй, ондоо хурдан морьд ч байсан юм. Гэтэл дандаа наадмын айраг, түрүүг Шагдарын морьд авахад атаархаж, өмдөндөө шээсээ дусаах шахдаг хүмүүс цөөнгүй байжээ. Зарим нь айлын найран дээр ууж согтоод “Чи лав чөтгөртэй тохиролцож айраг, түрүү авах болзол хийсэн биз. Нэг өдөр тэр морьдынхоо золиосонд үхнэ дээ” хэмээн тавласан удаатай. Хамгийн сүүлд гэхэд Сумын начин Гангаа наадмаар аанай Шагдарын морьд түрүү, айрагны ихэнхийг нь авахад “Чиний цаг удахгүй төгсөнө. Чамайг эцсийн замд чинь явуулна” гэж занасан байна. Шагдар бол угсаат тайж Тэгшийн хойч үр садын нэг бөгөөд эртнээс хурдан морьдтойгоороо алдаршсан удам сайтай айлын үр билээ. “Улаан” Тэгш хэмээх хамжлага цөөтэй хохь тайж дээр үед аж төрж байсан агаад “Цоохор” Гангаа начингийн элэнц, өвөө нар нь тэдний албатууд явсан гэлцдэг. Хүний араншин гэж хачин. Ардчилсан хувьсгал мандахад “Цоохор” Гангаа начин согтоод “Танай удам дандаа бидний дээр явдаг цаг дуусна аа” гэж заналхийлж байсан боловч Гангаа начны хүүхдүүдээс өөдлөн дэвжсэн нь үгүй. Шагдар уяачийн хүүхдүүд эхнээсээ сумын Засаг дарга болсон ба аавынхаа ятгалгаар Гангаагийн охиныг тамгын газрынхаа албанд авч байсан удаа бий. Тэглээ гээд “Цоохор” Гангаа баярлах биш бүр жөтөөрхөн хорссон нь сонин. Намрын дулаахан шөнө Шагдар уяач шөнө дунд “Морь харах”-аар босчээ.

Үнэн хэрэгтээ тэр зарим шөнө энэ шалтгаанаар босч гараад туслах малчнаар хүчээ өгдөг Баярсайханы эхнэр Уранчимэгийн өвөрт ордог байсан билээ. Баярсайхан бол номхон нь дэндсэн хэл муутай ноомой эр. Эхнэр нь бол амандаа хэл нь багтахаа больсон юм шиг амтай, хэлтэй “галзуу” хүүхэн. Тэр эмийн халуун өвөрт орохдоо Шагдар уяач даанч дуртай. Өвгөнийхөө мөрөн дээр гараад суусан Уранчимэг унтах цаг нь болохоор Шагдарын чихэнд шивнэж, гэрийнхээ гадаахь тэргэн дээр хононо. Тэдний явдлыг Шагдарын авгай, Уранчимэгийн нөхөр хоёр мэддэг, үгүй нь ойлгомжгүй. Мэдлээ ч хэн хэн нь амаа үдүүлсэн мэт дуугардаггүй улс. Гэтэл намрын тэр шөнө Гангаа начин, ноомой Баярсайхантай эвсэж хоёр хүүгээ дагуулан ирээд отож байжээ. Шагдарыг тэргэн дээр хэвтэж буй Уранчимэг рүү очсон тэр үест “Цоохор” Гангаа түүнийг боож унагаад мориндоо дүүрэн авч оджээ. Баярсайхан гэртээ хоцорчээ. Тэгсэн “Цоохор” Гангаа начин өвөлжөөндөө ухаан алдсан Шагдарыг аваачаад хүлж агтлаад тамлан зовоосон байна. Дахиад морь хэзээ ч уяхгүй гэсэн ам өчиг өгөхийг түүнээс шаарджээ. Шагдар зөвшөөрсөнгүй. Түүнд нь хилэгнэж, галзууртлаа уурласан “Цоохор” Гангаа хүзүү хоолойг нь шахаж, бачимдан орилсоор амийг нь хөнөөчихсөнөө сүүлд л мэдсэн байна. Шагдарын эхнэр босч явсан нөхрөө цаг хэрээтэй болоход буцаж ирээгүйд гомдолловч Баярсайхан, Уранчимэг хоёрыг хөөж чадах биш. Айлын эхнэртэй нөхцсөн өвгөндөө гомдож, өглөөтэй золгосон ч Шагдар алга тул сэтгэл зовж эрэлд гарчээ.

Гурав хоногийн дараа нөхрийнх нь цогцос гэрээсээ арваад километрийн цаана байх Бархөл нуурын хөвөөнөөс олдоход танигдахааргүй болсон байжээ. Тавин гурван настай Шагдар уяач өөрөөсөө хориод дүү хүүхэнтэй нөхцсөний хариу нь энэ болов гэж түүний авгай бодовч нэгэнт гучин хэдэн жил ханилсан авааль эрийнхээ үхэлд Уранчимэгийг сэрджээ. Гэтэл Уранчимэгийн нөхөр нь эхнэрээ хэрэгт орох нь гэж айхдаа “Цоохор” Гангааг хэлсэн тул хэргийн эзэн, хэнгэргийн дохиур тэрбээр долоон хоног гүрийгээд тэсэлгүй амь насанд нь хүрсэн гэдгээ мэдүүлжээ. Ингэж Шагдар уяач хүний гарт үрэгдсэн бол “Цоохор” Гангаа шоронд ясаа тавьсан байна. Харин Уранчимэг нөхрөө хаяад явжээ. Тэгсэн ноомой Баярсайхан солиорол өвчин тусч “Миний хажууд Шаагаа уяач ирж суучихаад босохгүй юм. Урнаа намайг хаяад явсныг хэлсэн боловч нэмэр алга. Авгайг маань надаас нэхэж шалгаагаад байна” гэж ярьж явдаг болжээ. Эмч үзээд түүнийг сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул хот руу явуулж Шар хадны эмнэлэгт хэвтүүлье гэсэн ч солиотой боловч хүн амьтанд гэмгүй түүнийг эмнэлэг явуулсангүй. Баярсайхан өдөр ч, шөнө ч унтахгүй өнөөх л юмаа ярьж явах. Тэгтэл нэгэн өглөө түүний цогцсыг үхрийн хашаан дотроос олсон бөгөөд хоолойг нь боож алсан байв. Гэвч хүнд алуулсан гэх ямар ч ул мөр олдсонгүй. Өөрийгөө гараараа боомилж хөнөөжээ гээд тэр хэргийг хаажээ.

Хэнд ч хэрэгцээгүй тэр амьтны үхэл бас хэнд ч сонин биш байсан тул тэгсэн биз ээ. Хачирхалтай нь, хагас жилийн дараа Баярсайхан үхсэн үхрийн хашаан дотроос хэн нэг хүний үглэж бувтнах чимээ сонсогдох болов. Балданцэрэн гэдэг сонин уншимтгай өвгөний ярьснаар бол яалтгүй Баярсайхан ганцаараа ярьдаг гэнэ. Тэгэхдээ “Шаагаа гуай, та миний эхнэртэй нөхцөхөө болиоч. Би гуйя. Тэгэхгүй бол би таныг алчихна. Эсвэл “Цоохор” Гангаа ална” гэсэн яриа дуулддаг гэнэ. Энэ ярианд хэн итгэх вэ. Гэтэл зуны нэгэн саруулхан шөнө Шагдар уяачийн бага охин Бурмаа үхрийн хашаан дотор Баярсайханыг “Цоохор” Гангаа багалзуурдан боомилж байхыг үзжээ. Айж сандарсан бүсгүй гэртээ гүйж ороод ээжийгээ сэрээжээ. Шагдар уяачийн эхнэр мөнөөх үхрийн хашаа руу гэтэж очоод бас үзсэн байна. Тэр байтугай үл үзэгдэх сүүтгэр дүрс сүүмгэнэн “Намайг бүрэлгэснийхээ хариуд та хоёр бие биеэ ална даа. Зовж үхнэ дээ” гэх нь яалтгүй Шагдар уяачийн дуу байжээ. Түүнээс хойш үхрийн хашаан дотроос хүн дуугарах нь сонстохоо болиод харин гурван хүний сүг дүрс л хоорондоо зууралдан, дээр дороо орж ноцолдох дүрс үзэгддэг болсон байна. Шагдар уяачийн эхнэр энэ муухай байдлыг арилгахын тулд лам залж ирсэн тэр орой гэнэт Уранчимэг тэднийд ирсэн аж. Гэхдээ тэр явсан ажээ. Гэтэл өглөө нь түүний цогцсыг мөнөөх хашаан дотроос олсон бөгөөд хамаг хувцсаа тайчиж шалдлаад үхсэн байх ба бүх бие нь хуу маажуулсан мэт зурагдаж шалбарсан байсан гэдэг. Тэр цагаас хойш тэдний сүг дүрс дахин үзэгдээгүй боловч Шагдар уяачийнхан болон бусад айл тэндээсээ нүүж ахин эргэж очоогүй гэдэг юм. Гэвч үзсэн хүний ярьснаар эзгүйрсэн тэр үхрийн хашаанаас хачин чимээ анир сонсогддог юм гэнэ лээ.

Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэр


Шавартын гарамны хөл болох Хүхэрт нуур гэж эхүүн үнэртэй нуур арваадхан жилийн өмнө Гурванбулаг сумын нутагт байжээ. Түүний ойролцоох хадат ухаагийн энгэрт бараантах хаваржаанд хүүхэн Жүгдэр гэж ганц бие хүүхэн байх. Хамуугаас салдаггүй заваандуу тэр хүүхнийг Хүхэрт нуурын усаар биеэ арчин хамуунаасаа салсан юм гэнэ лээ гэж ярилцдаг байжээ. Нэг өдөр адуучин Гочоо өглөө эрт Жүгдэр хүүхний гэр рүү дурандсанд өрх нь бүтээлгээстэй байв. Дөхөн очиж өрхийг нь татвал хөөрхий Жүгдэр бөөн хөө тортог болчихсон орон дээрээ үхсэн байлаа. Бодвол ганц бие тэр амьтан амь нь тэмцэж, гал голомттой ноцолдсон бололтой юм.

Адуучин Гочоо эл явдлыг сумынхаа Засаг даргын тамгын газар мэдэгдэж, захиргааны галч, манаач хэдэн хүн ганц бие Жүгдэрийг өөрөө буулгагч самосвал хэмээх машинд ачин Хүхэрт нуурын ойролцоох Бурханы аманд ил оршуулжээ. Эд хогшил болох өөвгөр гэрийг нь бензин цацаад шатаажээ. Ингэж л хорвоогоос нэгэн айл данс дугуйлжээ. Гэтэл хүүхэн Жүгдэрийн сүнс нь хойт төрлөө олохгүй өөрийгөө болон нутаг орныхоо хүмүүсийг жинхэнэ зовоожээ. Нэг удаа хонь хужирлахаар Хүхэрт нууранд ирсэн хоёр банди,
- Жүгдэр эгч шав шалдан Хүхэрт нуурын усанд орчихсон Гандий мод гэдэг дуу дуулаад байж байсан. Бид хоёроос ерөөсөө ичихгүй. Шалдан эмэгтэй хүн үзлээ гэж шохоорхон ярьжээ.

- Нүгэл гэм. Худлаа яриад гээд хүүхдүүдийн эх нь тэднийг тас загнаад тоосонгүй. Хэдэн өдрийн дараа хүүхдүүдийн эцэг болох Болд эхнэртээ “Би хачин юм үзлээ. Нөгөө Жүгдэр чинь Сайрын аманд шав шалдан цэцэг түүгээд явж байх юм. Би эхлээд анзаарсангүй. Морь үргээд хамар нь тачигнахаар л мэдлээ” гэв. Эхнэр нь эргэлзэж эхлэв.
- Тэр тэгээд манай үүгээр яагаад эргэлдээд байгаа юм бол?
- Би нэг эмээлийн модны өртэй байсан юм. Түүнд л хоргодоод байх шиг байна гэж нөхөр нь өчжээ.

- Ээ, Бурхан минь! Түүнийг нь хурдан өг. Хэдэн хар толгойд гай нь ирнэ гэж эхнэр нь цовхчив. Удалгүй Болд хүүхэн Жүгдэрээс авсан эмээлийн модыг түүнийг нутаглуулсан газар аваачиж залсан байна. Эмээлийн модоо Болд хааяа дурандахад байж л байдаг байв. Нэг үдэш Болд адуугаа залж явахдаа нөгөө эмээлийн модоо дурандсанд хүүхэн Жүгдэр дээр нь сандайлчихсан “Жонон хонгор” гэдэг дуу дуулаад цогиод байхыг үзжээ. Үүнийг эхнэртээ хэлсэнгүй, зөвхөн энэ эмээлийн модыг энэ нутаг уснаас холтговол хүүхэн Жүгдэрээс салж болох юм байна гэж сэтгэв. Хүссэн юм хүзүүгээр гэгчээр нэг өдөр баахан тууврын хонь туусан “Тэнгэр” ХХК-ийн туурварчид Болдын хот айлыг бараадан ирж хоногложээ. Болд эхнэртээ,
- Би очиж тууварчидтай уулзаж хуц сураглая. Увсын баяд хонины хуц олж авбал ирэх жил сайхан хургатай болно. Аян замын улс алжааж яваа биз. Цай уулгая гэсээр одов.

- Одоо төмсөгтэй хуц тууж явдаг ямар тэнэг хүн байдаг юм бэ гэж нөхөрийнхөө маанаг, мулгууг эхнэр нь гайхсаар гэртээ үлджээ. Удсан ч үгүй нөхөр нь гурван хүн дагуулсаар, хоёр хурга өвөртөлсөөр, гурван хонь туусаар их л баяртай ирэв. Болдын ярьснаар бол хоёр хонь замдаа хургалж хоёр эр хурга гарсныг нь бэлэглэсэн гэнэ. Нөгөө гурван бүдүүн хонь нь сайхан танилцсаны билэг дэмбэрэл болгож өгсөн ажээ.
- Энэ Увсынхан чинь замд тааралдсан айлдаа хонь тараагаад явдаг тийм баян хүмүүс үү? Гэнэт олдсон олз гэдсэнд цөвтэй гэдэг юм. Хэдэн төгрөг өгөөд сал гэж эхнэр нь хэлсэнд Болд,
- Эр улсуудын явдал чамд падгүй гээд өнгөрчээ. Хоёр хоногийн дараа Болдын эзгүйд Увсын нэг тууварчин эмээлийн мод барьсаар тэднийд давхиж ирж, мориноос ч буулгүй,
- Шалдан хүүхэн шөнө майханд орж ирээд эмээлийн мод өг гэж биднийг загнаад болдоггүй. Энэ буг бузар шингэсэн модоо ав гээд шидчихээд,
- Гурван хониороо цадаарай гээд давхиад явчихжээ.

- Ийм нүдний булай байх гэж эхнэр нь цовхчиж байтал оройхон Болд согтуу ирэв. Эхнэр нь түүнийг гэртээ ч оруулалгүй уяан дээр очиж нөгөө эмээлийн модоор нөхрөө баахан нүдэж,
- Харуй бүрий болохоос өмнө наад үхээрийн бузар шингэсэн эмээлийн модоо манай гэр орноос зайлуул гээд хөөжээ. Эмээлийг ганзагалаад явсан Болд тэр өдрөө ирж хоносонгүй. Маргааш үд хүртэл ирсэнгүй. Эхнэр нь айж эхлэв. Гэтэл том хүү нь,
- Аавын морь хэсэг морьдтой цуг эмээлтэйгээ Хүхэртийн нуурын дээр байна гэнэ. Содов сая замд тааралдаад хэллээ гэв. Хэрэг буруугаар эргэсэн болохыг эхнэр нь мэдсэн ч нөхрөө эмээлийн модоор жанчсаныг тас нуув. Удалгүй багийн Засаг дарга давхиж ирэв. Хүхэртийн нуурын хойт энгэрт баахан тас эргэлдээд байх юм. Танай мал бүрэн биз? Чоно, нохойд юмаа алдаагүй биз? Мал сүрэг чинь бүрэн үү гэжээ. Болсон бүх явдлыг эхнэр нь Засаг даргадаа уйлан хайлан ярив. Тэд машинтай нөгөө газар ирэхэд Болдын хоёр нүдийг хэрээ ухаад азаар цогцос бүтэн байжээ. Тэд Болдын цогцсыг гэртээ авчирч нэг хонуулаад оршуулав. Нөгөө тавьсан эмээлийн модыг шатаажээ.
Түүнээс хойш Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэрт үзэгдэхээ больсон гэдэг. Болдын 49 хоногийг хураахдаа учир шалтаг шалтгааныг ламаас асуусанд,
- Та нөхрөө эмээлийн модоор юу гэж нүдсэн юм бэ гэхэд эхнэр нь газар ширтэж дуугүй гөлийсөөр юу ч дуугараагүй гэх. Ийнхүү Хүхэрт нуурын хүүхэн Жүгдэр нэгэн айлын өрхийн тэргүүний толгойг залгиад тонилжээ.

Шорон дамжсан “зайран” Дамдин Б.Ширэндэв, Б.Ренчин хоёрын нүдэн дээр алга болжээ


Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын дархад “зайран” Жамбын Дамдингийн адал явдлыг нутаг усныхан нь төдийгүй нийслэлчүүд, ялангуяа тэр үеийн төр, засгийн томчууд андахгүй. Тэр үеийн гэдэг нь өнгөрсөн зууны 70-аад оныхон юм. Мэргэ төлөг, хараал жатгын хэргээр халхын хамаг шоронг дамжин, гучаад жилийг торны цаана өнгөрөөжээ. Тэрбээр нэг хэсэг Салхитын гэх шоронд төрсөн гэртээ юм шиг амьдарч байжээ. Шоронгийн хулгайчууд болон атаманууд, хуяг, дарга нарын хувь заяаг хэлж, заримынх нь ар талыг бүрэн даах тул бараг дархлагдсан нэгэн байжээ. Мөнгө төгрөг, идэж уух, өмсч зүүхээр ёстой тасардаггүй байж. Мөнгөө нааран дээр ил тавьчихдаг, хэн ч авдаггүй байсан гэх. Харин нэг өдөр мөнгөнөөс нь алга болжээ. Түүнийг мэдсэн хоригдлууд бужигнаад явчихсан гэнэ. Энэ тухай яриа тэрүүгээр нисэх адил тарсан бөгөөд бүгд сонссон нь ойлгомжтой. Салхитын шоронгийн атаман Дашийн Ядмаа бүх овгорыг цуглуулаад “За, эцгийн мөнгөнд гар дүрсэн хулгайчийн гэдэс энэ шөнө дүүрч үхнэ дээ” гээд тараажээ. Төдөлгүй нөгөө мөнгийг “зайран” Дамдингийн нааран дээр ганцыг ч дутаалгүй авчираад тавьчихсан байсан гэдэг.

Тэрхүү шоронд “Ардын багш” хочтой нэрд гарсан хоригдол Пэрэнлэйн Найдан гэж байжээ. Тэр үе үе “зайран”-гаас “Би оргомоор байна. Надад нэг туслаач” гэдэг байж. “Баригдахаас хойш оргож ял нэмээд яадаг юм” гээд хөдөлдөггүй байсан аж. “Хорвоогийн нарыг байгаагаар нь хэд хоног харчихаад буцаад орвол хэдэн жил нэмүүлсэн ч яадаг юм” гээд болохгүй болохоор нь “Би чамд ганц л тусална. Хэнд ч бүү хэл. Хэзээг удахгүй хэлнэ. Өдөр болгон уулзаж бай” хэмээсэн байна. Найдан өдөр бүр уулзаж, боломжит өдрийг хүлээсээр байв гэнэ. Уулзах болгонд нь мэргэлээд “Өнөөдөр хэрэггүй” гэдэг байжээ. Яг 21 дэх өдрийн орой “Одоо яв даа” гэсэн гэдэг. Тэр бараг зүгээр шахуу гараад явчихсаныг үзээд хоригдлууд ихэд гайхсан гэнэ билээ. Шоронд байхдаа яг үүн шиг биш ч бусдаар хоригдлуудад үргэлж тусалж байжээ.
Тиймээс тэд бурханчлан тахисан байдаг. Завханы Тосонцэнгэлийн “модны” шорон татан буугдаж, “Гөлөөн” Цэрэндондог, Дашийн Ядмаа, “зайран” Дамдинг Улаанбаатарын Улаанбайшинтын шоронд шилжүүлэхэд шоронгийнхон ёстой үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Дамдингийн пүүгээ, дэвсгэр, шашны эд зүйл, бийд хөрөнгийг нь Тосонцэнгэлийн шоронгийн гурван атаман барьж, үүрчихсэн, мань хүн шилүүсэн дотортой, дугуй хээтэй цэнхэр торгон дээлтэй, хэт хутга зүүчихсэн морилж байсныг хотын шоронгийн хулгаруудаас авахуулаад хуяг, удирдлагууд нь хараад алмайрсан ч юуг нь ч хурааж оролдоогүй байдаг. Тэд түүний талаар мэдээлэл сайтай байснаас тэгээ биз. Яльгүй юмаар өөрт лай хураахыг хэн хүсэх билээ. Ийм л жаатай эр явжээ.

Түүний төрсөн охин Д.Батчулуун эцгийн талаар ийн дурссан байна. “Миний аав Жамбын Дамдин 1908 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн. Эцэг, эхийн гар дээр өсч, дүү нартайгаа бужигнаж бусдын адил л хүмүүжсэн хүн дээ. Аавын маань эмээ, ээж нь удам дамжсан хүч чадалтай, нэр төртэй удганууд байсан юм. Тэдний тэнгэрийн зараалын дагуу бөөгийн эрдмийг нь есөн настайдаа өвлөн “хуягласан” гэдэг юм. Нутгийн Эвдийн хийдэд ч шавилан сууж байсан удаатай.Монгол, түвд бичигтэй, тооны ухаанд жинхэнэ гаргууд хүн байлаа. Би сургуульд байхдаа аавын чадлыг сонирхон сорьдог байв. Тоогоор мэргэлдэг учраас тэгсэн хэрэг л дээ. Хэдэн ч оронтой тоог квадрат зэрэгт дэвшүүлж, хариуг нь алдаа мадаггүй гаргадаг, шууд хэлдэг байлаа. Математикийн ямар ч багш тэгж цээжээр шууд хэлээд байхгүй шүү дээ. Бичгийн их хүн, эрдэмтэн Б.Ренчин, Угсаатны зүй судлаач, доктор Бадамхатантай их дотно харьцаатай, байнга уулзаж, учирдаг байсан юм. Шоронд байхад нь ч энэ хоёр том хүн хувийн болон бусдын хүсэлтээр эргэж тойрч, уулзаж учирч явсан байна лээ.
Тэр бүхнийг надаас гадна төрийн томчууд бүгд мэднэ дээ. 1938-1968 оны хооронд халхын хамаг шоронг дамжсан байдаг юм. Хилс хэргээр хүний амьдралын гучин жилийг шоронд үрдэг байсан хэлмэгдлийн үеийн хар он жилүүдийг яалтай билээ. Тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тийм байсан юмыг бид яахав. 1969 оноос хойш баригдаж бариагүй ч Улаанбаатарыг эргэж тойрон нүүж, нуугдаж, мөрдөгдөж хавчигдаж явсаар насыг барсан даа. Нутаг руугаа явж эгч, дүүстэйгээ уулзаад буцаж явахдаа 1972 онд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд нас барсан билээ. Алаг-Эрдэнэ аавд ер нь таардаггүй газар байсан санагддаг. Тэндээс л дандаа баригдсан байдаг нь сонин. Түүх төөрөг нь тийм байсан юм уу, хэн мэдлээ. “Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байж, хүнд тус болж явбал бүх зүйл бүтдэг хорвоо” гэж үр хүүхэд бидэндээ ихэд захидаг байсан даа. Бид ааваасаа өвлөж авсан юм бараг байхгүй дээ.

Харин манайхан бүгд шулуун, шударга талдаа нь аавын араншин байж магадгүй. Түүнээс эд хөрөнгө, энэ тэрээс нь үлдээгүй. Өөрөө л аргыг нь хайсан бололтой. тэгээд ч ухаантай хүн ондоо шүү дээ. Үр хүүхдэд минь гай болно гэж бодсон юм байлгүй дээ. Авдар, авдраар л юмтай байсан санагддаг. Тэрийг нь бид онгичиж үзэх биш. Чухам юу байсныг нь үнэндээ мэдэхгүй. Тэр бүгд нь нэг мэдэхэд л үгүй болсон юм даа” гэж ярьжээ. Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч асан Базарын Ширэндэв их сонин түүх ярьдаг. “Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга намайг дуудав. Дарга намайг барагтай юманд дуудахгүй л дээ. Амин чухал ажил гарсны тэмдэг байлаа. Уг нь улс орны гол асуудлыг нэлээд нухацтай ярих тул би ч дотроо бодолтой очлоо. Тэгтэл шал өөр юм яриад эхэлсэн. Эхэндээ би бүр алмайрч орхилоо. Шинжлэх ухааны хүнтэй шинжлэх ухааны бус зүйл ярьсан гэхэд болно л доо. Өмнө нь надтай лав энэ сэдвээр нэг ч удаа бага боловч хөөрөлдөөгүй билээ. Тэгээд ингэж ярив. Дархадын “зайран” Дамдин гэдэг хүний талаар ард түмнээс олон захиа занаа миний нэр дээр ирлээ. Эхэндээ би нэг их ач холбогдол өгөөгүй. Ойрноос хэсэг бодлоо. Ер нь тэр хүнийг судалж үзүүштэй санагдав. Угсаатны зүй судлаач Ренчингийн хамт чи өөрийн биеэр тэр хүнтэй уулзаж учир байдлыг нь тодруулаад ир гэв. Нэг боодолтой зүйлийг түүний гарт нь өгөөрэй гэсэн. Би задлаагүй. Тэгээд Ренчинтэй уулзлаа. Бид хоёр хөөцөлдөж байж Дамдинг шоронгоос авчруулан Монгол кино үйлдвэрийн нэг багашаархан зааланд уулзав. Уулзахаар барахгүй түүний бөөлөхийг кино хальсанд буулгаж авсан.

Тэгтэл харин тэр хоёр бүр эртний танилууд байсан юм билээ. Кино зураг авах зуур би Ренчингээс бөөгийн талаар бага сага юм асууж, тодруулж авсан. Ренчин тэр талаар намайг дагуулахгүй л дээ. Мэргэжил, сонирхол нь ч тийм юм билээ. Дамдин хуяг хөөгөө өмсөөд ид бөөлж байхдаа газраас хөндийрч, таазны тэхий голд их л өндөрт хөөрч тогтосхийхийг би нүдээр үзсэн юм даа. Тэр гайхамшигт агшныг одоо хүртэл санаж явдаг. Баргийн юм мартагдчихдаг шүү дээ. Тийм онцгой үйл явдал хэзээ ч үл мартагддаг нь жам юм.Тэгээд бөөлсний дараа хэсэг ярьж суутал тэр нэг мэдсэн чинь ор сураггүй алга болсон байлаа. Би даргын өг гэсэн юмыг өгч чадаагүйдээ бантаад Ренчингээс “Нөгөө хүн хаачихав аа?” гэвэл “Хаалгаар л лав гараагүй” гэж билээ. Энэ тухай Ю.Цэдэнбалд танилцуулаад, нөгөө юмыг нь өгч амжаагүйгээ үнэнээр нь хэлэв. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Түүнд худал хэлэлтэй биш. Дарга миний үгийг тун хянамгай сонсоод, “Би нэг уулзах юмсан. Даанч боломжгүй юмдаа” гэж билээ.Тэрбээр чухам юу бодож тэгж хэлсэн нь нууц хоцорсон доо” гэжээ. Авсан кино зураг сэлтээ Монгол кино үйлдвэрийн архивт хадгалуулсан. Үүнийг дэлхийн улс, орнуудад үзүүлж таниулбал Монгол хүний чадварыг гайхуулна гэж бодоод ерээд оны эхээр нөгөө зураг, сэлтийг хайж үзэв. Гэтэл хариуцлагагүй нөхөд аль хэдийнэ устгасан байсан даа гэж нэмж хэлсэн байна. Угсаатны зүй судлаач Бадамхатан бас нэг сонин зүйл ярьдаг байжээ. Тэрбээр “”Зайран Дамдинг анх удаа би өөрөө Б.Ренчин багштай танилцуулсан юм. Дамдин “зайран” Мөрөнгийн мөрдөнд байсан үе нь л дээ. Аймгийн намын хорооныхонтой ярилцаад мөрдөнгөөс түр гаргаж, буудлын жижиг өрөөнд Ренчин багш Дамдинтай уулзангуутаа бөөлж өгөхийг хүссэн. Тэгтэл Дамдин “Үүнээс чинь болоод энд сууж байгааг та мэдэх билээ” гээд татгалзсан. Гэвч эвийг нь олоод бөөлүүлсэн. “Ренчин багш “Бид хоёрын тавиланг айлдаж хайрла” гэвэл “За” гээд хуураа татаж онгодоо оруулаад Ренчин багшид, “Та санаж сэдсэн зүйлээ бүрэн хийж, гүйцээж чадалгүй байсаар энэ ертөнцөөс явах юм байна. Харин энэ Бадамхатан санаснаа гүйцээгээд нэг их наслахгүй одох нь гэв. Мэдээж л дээ, миний зорилго бага, Ри багшийнх агуу нь ойлгомжтой ш дээ” хэмээжээ.

Бас нэгэн сонирхолтой баримтыг одоо хүргэе. Унгарын бөө судлаач В.Диосеги Монголд судалгааны ажлаар ирээд Б.Ренчин гуайтай уулзаж, монгол бөөгийн чадлыг ганц ч болов харахсан гэжээ. Ренчин гуай “Тэр бололгүй яахав” гээд шоронгоос гараад Хайлаастад амьдарч байсан Дамдинтай уулзуулжээ. Учир явдлаа ярьсны дараа “зайран” Дамдин бөөлөх болсон байна. Тэр эрдэмтэн В.Диосегид хандан, “Холоос ирсэн танд би нэг бэлэг барья. Хулгайн онгодоор зүүн өмнө зүгийн нэг айлаас мөнгөн аяга авчруулан танд өгьё” гэсэн байна. Ингээд баахан бөөлж, бөөлж өврөөсөө нэгэн мөнгөн аяга гаргаж ирээд түүнд өгчээ. Хоёр эрдэмтэн мэл гайхаж, цэл хөхөрчээ. Маргааш нь Ренчин гуай “Үүнийг газар дээр нь шалгая. Хаанаас хэрхэн авч вэ? Тэр газар нь очиж нүдээр үзье” гэжээ. Ингээд нэгэн машин хөлөглөн В.Диосеги, Дамдин хоёрыг дагуулаад гарч өгчээ. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг айлд очсон байна. Сонин сайхан яриа дэлгэж байх зуураа Б.Ренчин гуай “Танайх ойрын үед ямар нэгэн эд зүйлээ алдаагүй биз?” гээд асууж орхиж. “Бид ам бүл гурвуулхнаа байдаг. Авдранд байсан мөнгөн аягаа өчигдөр, уржигдархан алдаад гурван биеэ хулгайд хардаж сууна даа” гэжээ. Тэгтэл Ренчин гуай цүнхнээсээ нөгөө мөнгөн аягыг гаргаж ирээд үзүүлтэл “Ямар сонин юм бэ? Яг мөн байна шүү дээ” гээд дуу алдан гайхжээ. Өнөө үед бол гар утсаар бие биедээ хэл дамжуулаад тохирчихож гэхсэн. Эрдэмтэн В.Диосеги энэ байдалд итгэж ядан “Эд нар хуйвалдсан байж магадгүй” гэж бодоод “Та хөөргөө надад бэлэглээч” гэсэн байна. Дамдин “Халхын нутгаас аваад гарч чадвал хамаагүй ээ, ав” гээд гарын хөөргөө өгч орхижээ. В.Диосеги маргааш нь нисэхийн гаалиар орохдоо зайрангийн өгсөн хөөргийг цүнхнээсээ гаргаж үзэх гэтэл тэр нь алга байжээ. В.Диосеги цүнхээ гараасаа салгаагүй байгаа юм.

Ингээд ихэд сүсэглэж, “Монгол бөөгийн хүч чадлыг нүдээр үзэж давхар шалган биеэр мэдэрлээ” гээд нутаг буцсан гэдэг. Дамдин “зайран” Дархад бөөгийн өвөрмөц дуудлагыг Б.Ренчин гуайд өөрөө хэлж өгч бичүүлсэн нь Францад хэвлэгдсэн “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх номонд сар, өдрөөр нь тэмдэглэсэн байдаг гэнэ билээ. “Зайран” Дамдин онгод нь орсон үедээ жаахан хар талын юм хийчихдэг нь цөөнгүй хүнд тусч, ам дамжин яригдсаар цагдаа, шүүхийнхний чихэнд очдогоос ийнхүү олон жил хэлмэгдэн, хилс хэргээр шорон оронд орж байсан бололтой. Түүнээс биш бусад талаар бөө, лам нар байсан ч 60-70 онд тэгж нэг их сүр дуулиан болон орон шоронгоор шийдэгдээд байдаггүй байжээ. Зарим нэг зүйл гардаг ч тэгж ингэсхийгээд анхааруулга, донгодуулга хэлбэрээр өнгөрдөг байсныг өгүүлэхэд илүүдэхгүй болов уу. Тэр үед хамаг юм далд байхад энэ мэт явдал тохиодог байсан нь нэг талаас аргагүй бөө мөргөлийн ид шид байсных юм. Хоосон юмнаас хүн гөрддөг хөг өнгөрчихсөн цаг үе гэхэд хилсдэхгүй. Сум, хороо, баг бүрт шахуу нэг тиймэрхүү юм мэддэг, үздэг хардаг хүн байсан юм билээ. Өнөөгийнх шиг чөлөөт нийгэм биш учраас баахан битүү хатуу байсан гэхэд болно л доо. Тэгээд ч ардууд тийм хүнээ нууж хаагаад, хайцайлаад явдаг байснаас тэгтлээ ч шорон орон болоод байдаггүй байсан юм шиг санагддаг юм.

Хар хэлтний хараалын халтар бараан үгс


Хараал нь аль ч улс, үндэстний үгийн санд хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг өвөрмөц хэллэг юм. Монголчууд хараалаас машид цэрвэмтгий ард түмэн. Гэхдээ амьдрал ахуй, ажил төрөл, хоорондын харилцаандаа хэрэглэсээр ирсэн баялаг уламжлалтай. Хараая гэж хараадаггүй ч хэл халтираад хараачих нь байдаг л байх.
Хараамтгай хүмүүсийг хар хэлтэй гэдэг. Энэ нь хар өнгийн хэлтэй хүн хараалч байдаг гэсэн үг биш л дээ. Хараалыг өөрийг нь хар өнгөтэй зүйрлэснийх биз. Тэгээд ч хараалд ямар олиг байх вэ. Хараал, уулга алдалт хоёр нарийндаа төстэй ч тэс өөр хоёр зүйл юм. Зарим газар уулга алдахдаа “Хөх тэнгэр”, “Үхсэн хүүр ээ”, “Эзнээ алдмар” гэх нь бий. Тэр нь бүр амных нь уншлага болчихсон үндэстэн, аймаг, сумынхан ч байдаг. Ихэд соёлтой хараадаг боловсрол нэн өндөр нэгэн ч буй.

Тухайлбал, “Алтаар урс”, “Тосоор гоож”, “Эрдэнэс залгимар” гэх юм уу өөр ямар нэгэн бэлгэтэй үгсээр ихэд унтууцсанаа тайлах нь байдаг л юм. Хар дом хийгээд хараалын бүхэл бүтэн судар бүтээсэн ард түмэн бол монголчууд билээ. Түүнээс гадна эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодномын “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” бүтээлд хараалын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Дээр дурдсан судар болоод бүтээлд орших зарим нэгэн хараалын хэлц үгнээс хүргэхийг зорив. Гэхдээ хараал сурч бусдыг хаа дайралдсан газраа харааж яв гэж буй юм биш шүү. Боловсрол, соёлт хүн болгон ганц нэг гарчиглачихад гэмгүй гэж үзсэнээс түүнийг сонгосон болно. Олныг үл нуршин өргөн тархсан зарим хараалаас одоо өгүүлье. Мартсанаас зарим газар хараалыг зүхэл гэх нь ч буй.

“Гангинахаас ганц нохойтой, Хангинахаас хар тогоотой
Үргэх малгүй, үнсэх үргүй бол”, “Тэгнэх тэмээгүй, тэврэх ханьгүй бол” гэх зэргээр шууд хараах нь бий. Гэтэл далд утгаар егөөдөн хараах нь ч бас байдаг ажээ. Жишээ нь, “Нар сарыг гэртээ мэндуулж, навч цэцгийг хотондоо ургуулж, явган нүүж, нүцгэн жарга” гэх нь, ээ. Энэ юу хэлэв гэхээр “Цоорхой гэртэй, хотлох малгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй яв” гэсэн үг юм байна. “Чихээ огтлуул, чөмгөө ташуул, хэц дэрлэ, хэрээнд тоншуул” гэдэг хараал ч байдаг ажээ. Тоглоом даадаггүй хүнд тун осолтой үг юм. Энд голдуу ардын аман зохиолын хэлбэрээр үлдсэн хараал дурдсаныг хэлэх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын хараал бараг тэр чигээрээ шидэт үг буюу шүлгийн шад, мөр гэсэн үг юм.

Хараахдаа хүртэл цэцэн цэлмэг ард түмэн гэдгийг өгүүлж буй хэрэг. “Аманд нь адруу, хэлэнд нь хэдрүү, нүдэнд нь өвдөг, хамарт нь хатиг ургамар” гэж нэг хараал байх. Баруун монголчуудын дунд үүнээс гадна “Долоон эрийн нүүр үзмэр” гэсэн дэлгэрсэн хараал буй. “Барьсан гэр чинь бариатайгаа өгөр, тулсан тулга чинь тулаатайгаа зэвэр” гэх жихүүдэс даамаар хараал бас байх. “Үүдэн дээр чинь ууль хашгир, үнсэн дээр чинь үнэг хөрвөө” гэх ёролсон агуулгатай хараал ч харагдана. “Яранд идүүлж, яс нь цаймар” гэх хараал харин хаа очиж элбэг тохиодог шүү. Дан хараалын аман зохиолоос гадна хариулга болох ерөөл маягтай хэллэг ч дайралддаг. Олны мэдэх ганц нэг жишээ авъя.
“Хараал чинь ерөөл болог, хамар чинь тунхуу болог. Хэлсэн эрүү хувхайрч, хэлүүсэн хүмүүн жаргаг” гэх буюу “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэх зэрэг гүн ухааны гэмээр хараалын хариулга элбэг тохиодог ажээ. Говийнхны нэг хэцүү хараал ийм ажгуу. “Тоононд чинь тогоруу өндөглөг, тогоонд чинь хулгана үүрлэг” гэсэн ахуйн сэдэвтэй аж байдлын гэхээр хараал байна.

Хараалын аман зохиолын хамгийн баян хэллэг, хэлц бүхий нь бөөгийн дуудлага буюу тамлага юм. Энд бид зөвхөн “Цахирын ээжийн тамлага” гэдэг бөөгийн дуудлагаас толилуулъя.
    Хаан дэлхийгээ алд
    Хатан улсаа алд                 
    Хан харалбай чинь харла              
    Тойруулга захаа хяргуул              
    Толгойгоо тас цавчуул 
    Сахилаа газарт булуул     
    Санваараа модонд өлгүүл
    Бурхан гэдэг чинь
    Будаг, шавар хоёр
    Лам гэдэг чинь
    Лагс толгойтой сангас
    Ном гэдэг чинь
    Бэх, цаас хоёр
    Шашин гэдэг чинь
    Шавар шанхай хоёр
    Далай ламд мөргөвөл
    Далан гурав цавчуулна
    Богд ламд мөргөвөл
    Борви, сүүжээ таслуулна хэмээн бөөгийнхөн бурханы шашинтай арцалддаг ажээ.
“Хүний махан хүнстнүүд, хүрэл чулуун зүрхтнүүд” гэж эхэлдэг дархад бөөгийн ерэн есөн тэнгэрийн тамлага нарийндаа мэргэжлийн хараал, зүхэл гэхэд болно.

Монголчууд бөө, мөргөлийг Баруун Монголын буюу урианхай, өөлд, дөрвөд, дархадын, Зүүн Монголын болох буриад, барга, хамниган гэх зэргээр үндэстэн ястан, үүсэл гарлаар нь ангилдаг юм байна. Хамгийн хэцүү, хүнд хараалтай нь дархад бөө нар гэдэг юм билээ. Тиймээс ч Хөвсгөлийн хүнтэй бүү марга, маргалаа ч битгий хэрэлд гэдэг нь ийм учиртай ажгуу. Орчин цагийнхны хараал бараг амны уншлага, аав ээжийн нэр шиг болоо юу даа гэх харуусал төрдөг. Нэг үг хэлээд л “П... минь” гэх нь ердийн юм. Оросуудаас авсан гэх энэ хараал бидний аав, ээжийн үеэс л уламжилж ирсэн байдаг. Гэхдээ эрчүүд л хэлэхээс эмэгтэй хүн амандаа ч авдаггүй хараал шүү дээ. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн охид хүртэл уурсахаараа урсгаж өгдөг болжээ. Хараалын утга, мөн чанарыг үл ухдаг, тэр талаар нь томчууд тайлбарлаж өгдөггүйгээс ч тэгдэг болов уу. Хараал хэлэхгүй, хэлүүлэхгүй байх талаар хичнээн жил тэмцээд ч халж, сольж чадалгүй өнөөдөртэй золголоо. Энэ ер нь нийгмээс салдаггүй зүйл бололтой дог шүү.

Мэргэд чухам юу гэж үздэгийг нь мэдэхгүй юм. Архидалтаа арилгаж чадахгүй байж хараалтай давхар тэмцэх хэрэг байна уу? Тэгээд ч ёстой арилгаж чадахгүй юмны нэг нь тэр гэх улс ч буй. “Үгээр үхүүлж болдог” гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй байх. Үг энергитэй нь ойлгомжтой.
Тиймээс ч дом, шившлэгийг үгээр үйлддэг буй за. Тарниар олон зүйлийг номхотгож болдгоос үзсэн ч хараалд олиг байхгүй нь тодорхой. Хараалгаснаас хараасан нь хохирдог гэдэг үг ч бий дээ. Хараал хар энергитэй гэдэг ортой болж таараад байгаа юм. Тэгэхээр амандаа авамгүй л юмны нэг дээ. Хэрхэхийг та өөрөө мэднэ буй за.

Долоон нөхөр нь долуулаа ижил өвчнөөр талийсан нь Должин удганы хараал байжээ


Баруун монголчуудын дотор “Долоон эрийн нүүр үзмэр” гэсэн хараал гэмээр хэлц үг байдаг. Үүний амьдралд хэрэгжсэн жишээ гэхээр нэгэн үйл явдал жараад онд Баян-Өлгийн нэгэн суманд тохиосон байна. Адтай, хийморьтой Алтайн урианхайчуудын амьдралд юу эс тохиох билээ. Тэднийхэн голдуу удган олонтой байсан гэх. Тэдний үр хүүхдээс Улаанбаатарт одоо ч буй. Тэр цагт нутаг орондоо дуулиан болж байсан нэгэн явдлыг тоймлон хүргэе. Бөө, удганы хараал гэж байдаг бол түүнийг л хэлэх биз ээ. Жараад онд тэр нутагт нас бие чацуу хоёр Должин байжээ. Болсон явдлыг ярьсан хүний хүсэлтээр нэрийг нь өөрчлөв. Нэг нь удган Должин. Нөгөө нь “хөөрхөн” Должин.

Хоёр Должин хоёулаа нэгэн эрд сайн байж. Бадарч бол бас л тэр хавьдаа нэртэй, устай эр явсан гэнэ. Хоёр Должинтой хоёулантай нь уулзаж, учирдаг зайтай эр байжээ. Удган Должин хэнд ч мөчөөгөө өгөхөөргүй хүүхэн байж. Гэхдээ нутаг усандаа алдартай “хөөрхөн” Должинд яаж хүрэх билээ. Яг суудаг барьдагтаа тулбал “хөөрхөн”-ийг нь сонгохоо мэдэлгүй яахав. Санаа оноо нь ч нэг тиймэрхүү байж. Түүнийг удган Должин ч гадарладаг байсан бололтой. Нэг удаа амьдаатайгаа уулзаад ийн ярьжээ. “Чи нутаг усандаа нуруу туруугаараа алдартай хүүхэн. Нөхөр хаанаас мундахав. Бадарчийг надад өгчих. Тогтоохоо би өөрөө аргалъя” гэсэн байна. Үүнийг сонссон өрсөлдөгч нь ихэд уурсан “Чиний удган, мудганаас айхгүй. Бадарчийг хэнд ч өгөхгүй. Чаддаг, мэддэг юм бол салгаад авахгүй юү” гэчихэж. Ийм хариу сонссон удганы уур хилэн бадралгүй ч яах вэ. Дээр нь эм амьтан болохоороо богино жолоотой нь мэдээж. “Салгаад авдаггүй юм гэхэд салгаад хаячихаа мэдъе. Долоон эрийн нүүр үзмэр минь, долоо гэрлэхийг чинь харъя” гэжээ.

Төдөлгүй Бадарч, “хөөрхөн” Должин хоёр гэрлэн хөлтэй найр хийсэн байна. “Намаржааны дэнжийг найгатал найрлана” гэсэн үгэндээ ч Бадарч хүрчээ. Зөвхөн Алтанцөгцийнхөн ч бус тус сумтай намаржаанаар хиллэдэг Ховдын Эрдэнэбүрэнгийн өөлдүүд ч ирж найр наадам хавтгайрсан байна. Гурван хоногоор тогтсон найр долоо хонохыг бодоход нэлээд үргэлжилсэн нь ойлгомжтой. Найрын гурав дахь өдрийн үдэш шал согтуу удган Должин хаяагаар нь давхиж өнгөрөхдөө ч хараахаа мартсангүй. “Долоон эрийн нүүр үзмэр, долоо гэрлэмэр. Сайн явахыг чинь харна аа” гээд мориныхоо хоёр тал руу найган, ганхан давхиж оджээ. Хуримын баяртаа бялуурсан хос ч анхандаа нэг их юм бодоогүй байдаг. Хурим өндөрлөж, амьдрал ажин түжин болох үеэс нөгөө яриа тэр хавиар газар авчээ. “Энэ хоёр ч нэг юм үзэх нь үзнэ ээ. Удган Должинг урь орхидоггүй сонин улс юм. Ууртай, догшин ч уригдсан хүн эрхбиш сэтгэл цайраад гардаг монгол ёс байна” гэх зэргээр ярьцгаажээ. “Хөөрхөн” Должин ч бодолд дарагдан суух болж. Харин Бадарч нэг их тоосонгүй. “Тэр яавал гэж. Бид хоёр л болж байвал болоо юм биш үү? Тэр тэгж л байг” гэжээ. Ингээд намрын хөлтэй найр мартагдан өвлийн ид бэлтгэл эхэлсэн үед Бадарчид ханиад туссан байна.

Хөдөөгийнхөн ханиад тоох биш харзын ус уусан шиг яваад хүндрүүлж орхисон бололтой. Хамар амнаас нь цус садраад, халуураад байхаар нь сумын эмч дуудаж үзүүлжээ. Уушгины цусан хатгаа туссан гээд сумын эмнэлэгт аваачсан авч тусыг эс олов. Зүүдэнд нь удган Должин гурав заларснаар богинохон амьдралын хувь заяа нь нэг тийш болж “хөөрхөн” Должин хуримлаад хэдхэн сар болоод бэлэвсэрсэн түүх ийм бөлгөө. Хойтохыг нь аргалуулахаар нутагтаа алдартай “шар” хэмээх Гооёод очжээ. Тэрбээр төлөгдөөд “Хань тогтохгүйн хараал иржээ. Хайран хүүхэд их зовох нь ээ” гэсэн байна. Ингээд бурхан болоочийн хойтохыг нь хийн Хоёр Толгойн хүн тавьдаг газар орхиулснаар хоёр яс салсан ажээ. Хэрэг явдал ингээд өнгөрсөнгүй жилийн дараа “хөөрхөн” Должин дахиад нөхөрт гарчээ. Нутгийн бэлтэй хүний хүү Баярттай ханилжээ. Нэг их сүйдтэй хурим найр хийгээгүй ч тэр хавьдаа тэмдэглэсэн нь мэдээж. Тэр үеэр мөн л нэхэл хатуутай зүйл тохиож, удган Должин хаяагаар нь хараал урсган өнгөрчээ. Хосууд мөн л нэг их тоосонгүй.

Гэхдээ “Хөөрхөн” Должин сайн юм болохгүйг бүсгүй хүний совингоороо мэдэрч байж. Төрсөн биеийн үзэсгэлэнг яалтай. Тэр хавийн харчууд амраах биш. Тэгсхийгээд нэг нөхөр шүү юмтай болохгүй бол хэцүү байсан биз ээ. Бас л өвөл золгодог үеэр шинэхэн нөхөрт нь шидээврийн томуу тусчээ. Бүх юм болдгоороо болохыг мэдсэн бэлтэй эцэг нь өнөө Гооёод очсон гэдэг. Гооёо хавьтуулаагүй гэнэ билээ. “Би оролцмооргүй байна. Бусдаар бол хамаагүй ээ” гэсэн нь бараг “Хойтохыг нь л хийж тусалъя” гэсэнтэй адил сонсогдсон гэх. Аргаа барсан эцэг нь аврал эрэхдээ Удган Должинг аргадах гээд ч чадаагүй гэнэ билээ. Сумын эмнэлэгт очоод хэд хонов уу үгүй юү хамар, амнаас нь цус садраад л яваад өгчээ. Хойтохыг нь харин “шар” Гооёо хэлсэндээ хүрч аргалснаар хэрэг явдал өнгөрч “Хоёр Толгой”-д хоёр дахь цогцос хаягдсан нь тэр. “Хөөрхөн” Должин хоёр жил орчим гансарч суутал аймгаас ирсэн малын эмч гэх Сагсай сумын гаралтай Дамба гэгч эргүүлээд эхэлжээ. Өдөр, шөнөгүй ил, цагаан эргүүлэх болсон байна. Бурхан номоос хол шинэ үеийн сэхээтэн болохоор “Тэр яадаг юм? Чамайг аваад аймаг явчихъя. Газрын холд ганц муу удганы хараал хүрэхдээ яахав” гээд болоогүй гэдэг. “Хөөрхөн” Должин хөдөөгийн амьдралаа гээж, суурин амьдралд шилжихээр оджээ. Нутаг, усныхан нь ч нэг юм санаа амарцгаасан бололтой “Ашгүй дээ. Газар, нөхөр хоёроо солиод үзэг” гэлцжээ. Ёстой юм ёсоор болж, хосууд аймгийн төв рүү одоцгоон амар жимэр болсныг хэлээд яах вэ. Гэтэл ёозгүй мэдээ ирэлгүй яах билээ. “Хөөрхөн” Должин хөсрий царайлаад хүрээд иржээ. Хэд хоногоос хэл ам гаралгүй яахав. Дамба эмч мөн л уушгины цусан хатгаагаар аймгийн хүн тавьдаг газрыг “чимсэн”-ээр хэрэг явдал өнгөрсөн байна. “Хөөрхөн” Должин гурав дахиа бэлэвсэрсэн түүх энэ. Хойтохыг нь аймгийн нэгэн хар хүн аргалахдаа “Зовлон талдаа л оржээ” гэсэн битүү, хадуу үг хэлсэн нь хараал хүрснийг давхар нотолсон байна. Нэгэн насны хараал “хүртсэн” Должин эгэл, даруу аж төрж эхэлсэн ч энэ хорвоогийн эрээн бараан дуусах биш. Дахиад нөхөрт гарах чимээ гарчээ. Өөрөөсөө хэд дүү, цэргээс ирсэн Ганаа гэх галзуу, солиотой нь мэдэгдэхгүй нөхөртэй болов. Ганаа цэргийн алба хаасан болохоор бас л баргийн юм тоохооргүй хүмүүжилтэй болсон нь мэдээж. Бие хаа өсгөлүүн талбиун, барилдаж ноцолддог түүнийг хаа очиж өнөө цусан хатгаа матгаа даамааргүй харагдсан нь ойлгомжтой.

Ханиад байтугай хавдар ч дийлэхээргүй ханхар эрийг яалтай. Гэм нь эцэг, эхийнхээ үгийг аваагүй байгаа юм. Хүмүүс “Одоо л харъя. Ханиадаар аваад явдаг хараал байдаг бол “галзуу” Ганааг дийлэхгүй байх” гэлцээд бараг баяр наадам хүлээх мэт харцгааж байсныг нутгийн хөгшин яриандаа өгүүллээ. Ёстой юунд ч дийлдэхээргүй эр халуун зунаар ханиаж найтаагаад эхэлсэн нь нэг л сэжигтэй байж. Ээж нь гярхай хүн тул эртнээс сумын эмчид үзүүлсэн ч цаадах нь халуун зун юун ханиад байх билээ гээд кальци хлорид, тарваган шийр өгөөд мордуулсан байна. Хоёр эмээ харзын усаараа даруулж уусаар хүндэрч хамар, амнаас нь цусан судал татаж эхэлжээ. Хэрэг бишидсэнийг мэдсэн эцэг нь хүүгийнхээ амийг аргалуулахаар Гооёод очсон ч нэгэнт оройтсоныг дуулжээ. Баяраар барилдах ёстой сумын заан “галзуу” Ганаа хэвтэрт байсан гэдэг. Хэд хоноод нүд аньсанаар “хөөрхөн” Должин дөрөв дэх нөхрөө гээв. Одоо ёстой больё гэж бодсон мань хүн хорвоог ганцаар туулахаар сэтгэл шулуудаж үзсэн ч барсангүй. Бавуу гэх агент залуутай хүнээс далдуур уулзаж учрах болжээ. Тэгээд ч бодлоо өөрчлөөгүй ажээ. “Хоёулаа сууж бариад яахав. Зовлон, жаргалаа хувааж явъя” хэмээн тохирсон юм байх. Тэгэсхийж байтал тэр жилийн Цагаан сар болж, мань Бавуу Должинд туслах нэрээр гэрт нь хэд хонохгүй юү. Битүүний өдрийн өглөөгүүр бие нь бишдээд эхэлжээ. Өвчний ерөнхий шинж тэмдэг уншигчдад нэгэнт тодорхой болсон тул нуршаад яах вэ. Эцсийн оношоороо илгээгджээ. Суусан, суугаагүй хамаагүй дэр нэгтгэсэн болгон “дээш морилох” ёрын өвчнөөр явав гэнэ, хөөрхий. Должингийнд тав дахь хань ийнхүү баталгаагүй ч бурханы орноо эртхэн яваад өгчээ. Нутгийнхан “Ханийн тэнгэргүй, харалсан хүүхэн” гээд Должинг тэр үеэс үзэхээ байсан байна. Аргаа барсан Гооёо оточ сэтгэл, зүрх гарган удган Должингийн очиж “Уучлах, нигүүлсэх”-ийг нууцаар гуйжээ. Удган Должин нүүр өгөөгүй агаад “Нэгэнт шийдчихсэн юмыг эргүүлж болохгүй. Өөрийг нь өнгөрөөе. Дахин хоёр гэрлээд дараа нь нүднээс далд орно биз. Улаанбаатар руу яв гэж хэл” хэмээгээд үджээ. Төдөлгүй Тувагийн нэг хэл ам нь мэдэгдэхгүй Жав гэх жартгар хар юм мал хайж яваад Должинтой таарснаас хойш салахаа мартсан байна. Хаа байсан Цэнгэл сумын тэр мангар гэрээ мартсан гэсэр болсон бөгөөд урианхай айл хэсч, ууж идсэн амьтан явдаг байгаад ид намрын дунд сард итгэмээргүй өвчинд нэрвэгдэх нь тэр. Хэрэг бишидсэнийг мэдсэн сэтгэл сайтай эрчүүд хэрэг явдлыг ойлгуулаад эртхэн гэрийнхээ барааг харахыг зөвлөжээ.

Ингээд мань мангар тува нэг юм нутаг руугаа мордсон бөгөөд Цэнгэл хайрханд нь хүртэл гаргаж өгсөн эрчүүд “Замдаа гэнэт муудчихсан. Эрт явсан нь болж. Эс тэгвэл хүний нутагт ясаа тавихгүй юү. Одоо ч үгүй болоо биз” гээд өнгөрчээ. Тэр мэдээж таалал төгсөө биз ээ. Тэгсхийгээд нутгийнхан цагаандаа гарч нэг насных нь амьдрал замарсан юм. Ад үзээд яахав. Гооёо нэг аргална гэсэн гэнэ лээ. Тэр хүртэл тэгсхийгээд байж байг гээд тоохоо ч байж. Должин ч овоо тэсч, нэг үе ажин түжин болоод иржээ. Нутгийнхан ч ойр, ойрхон үхэл хагацал үзэлгүй овоо тайвширч байтал хэрэг бишидсэн байна. Чандага гэх хачин нэртэй Бугат сумын гаралтай чөрийсөн өндөр эр Должингийн сүүлчийн нөхрөөр бараг хүсэн байж тодорсон юм байх. Должинг аваад Бугат сум руу тонилжээ. Бугатын урианхайчууд Алтанцөгцийнхнийг бодвол арай зэрлэг, балмад болохоор баргийн юм тоодоггүй бололтой.

Заримыг зах зухаас нь сонссон ч зангаа хувиргаагүй гэдэг. Должин ийнхүү өөр сумын, бүр уулын бэр болоод оджээ. Хачин сайхан хүүхэн дагуулж ирсэн чөргөр Чандагын аав ээж, ахан дүүс хөл хөөрцөг болон угтсан гэдэг. Хурим найр болж, хэд хоног саваад сумаа чимсэн бэртэй болж авчээ. Нөхөр л тогтдоггүйгээс биш Должин уг нь ааш, ажил муугүй хүүхэн байсан гэдэг. Хүний нутагт ч нэрээ бодоо биз. Ундтай, устай хүүхэн гэгдээд орж гарагсдын амны чимэг болоод иржээ. Хадмууд нь ч хөл хөөрцөг болохын хамт тэгсхийгээд Алтанцөгц орж, худ урагтайгаа танилцана гэх үг ч унагах болж. Хэрэг явдал хэрхэхийг төсөөлсөн “хөөрхөн” Должин дотроо элдвийг бодовч гаднаа юу ч болоогүй мэт явсаар байж. Удалгүй Чандага ханиагаад эхлэхгүй хаачих билээ. Чөргөр Чандага байтугай ханхар сумын заан даагаагүй ханиадыг яах билээ. Бугат сумын эмчийн тавьсан “уушгины цусан хатгаа” оноштойгоор хорвоог орхисон байна.
Ийнхүү Должингийн долоон нөхөр долуулаа нэг өвчнөөр өөд болсныг нутгийнхан өнөө ч дурссаар. Удган Должингийн хараал үүгээр нэг юм цэглэж, “хөөрхөн” Должин хөдөөгийн биш хотын хүүхэн болон халхын нэгэн хээгүй эртэй ханилж, ганц сайхан хүү төрүүлж энэ зууны эхэн хүртэл Баянхошуу гэх газар хүний ёсоор аж төрсөөр хорвоог туулсан сонин амьдралтай нэгэн байж билээ. Өтөлтлөө өнгөлөг явсан энэхүү эмэгтэйн эмгэнэлтэй, эрээн бараантай амьдралыг өгүүлэхэд ийм бөлгөө.

Удганы хараал гэж байж магадгүй л эд шиг санагдана билээ. Нэг хүүхний долоон нөхөр нэг өвчнөөр өөд болох ч тийм элбэг тохиолдол биш нь тодорхой. Тэгэхээр нэг юм болох нь болсон биз ээ. “Хөөрхөн” Должингийн хүүгийнх харин өнөр өтгөн айл болсон гэдэг юм.
Одоо ч Баянхошууны хэдэн урианхайчуудын нэгэн бөгөөд “уриахай сур” сайн харвадаг, ээжийгээ дууриасан гэхээр нуруу туруу, нүд хөмсөг болсон эр байх ажгуу.

Намаржаагаа сахидаг Насангийн сүнс


Нийслэлийн Баянгол дүүргийн өндөр настан Ж.Баатар гуай энэ сонирхолтой болсон явдлыг ярьсан билээ. Тэр намар санагдана. Нэг их үерийн дараа юм. Наяад оны эхэн байх. Би ахын хүүхэдтэй хамт тарваганд явлаа. Гачууртын автобусаар гарч өгсөн дөө. Тосгонд буучихаад, хүн амьтны нүд хариулан зүүн уулыг хярлаад алхчихав. Хэдэн уул даваад Хуандын эхээр гараад ойн захад хүрлээ. Доошоо тал руу буухад л тарваганы орон гэсэн үг. Үд өнгөрч байсан тул ойн захад орж өдрийн цай, хоол болохоор зэхэв. Гэтэл хажууханд хэдэн сойр идшилж харагдав хэмээн яриагаа эхэлсэн юм. Тэрбээр цааш ингэж ярив. Калибртай явсан тул сойрын шөл уумаар санагдаад болдоггүй. Ингээд томхон мод таширлаж очоод хоёрыг нухаад авав. Доохно нэгэн өвөлжөө байх юм. Үдэш болгоод тэнд очиж хонодог хэрэг гэж товлоод, өглөө сахих тарвагаа дурандан сонгож хоёр саарал дош шиллээ. Дүүтэйгээ хоёулаа хоёр сойроо янзлаад нэгийг нь түүдэг дээр голоор нь мод шургуулан шарж, нөгөөхөөр нь төмстэй шөл хийв. Салахын арга алга. Шөлийг нь ханатлаа ууж аваад, шорлогоо орой идэхээр нөөгөөд хэвтчихэв. Нар ч жаргаад ирлээ. Жаал дуг хийж орхиж. Босоод оройн хоолоо идэж уун энэ тэрийг ярьсаар байтал үдшийн бүрий ч болов.

Нөгөө намаржаанд очвол хүн амьтны хөлийн ул мөр ч алга. Эзэнгүй хашаа, энд тэнд хураасан өвснөөс өөр юм харагдсангүй. Малын хашааны саравчин доогуур харвал гар чийдэнгийн гэрэлд хэсэг өвс дэвссэн хуучин хэвтэр харагдав. Очоод хэвтэж орхилоо. Дүү маань залуу хүн болохоор хэвтэв үү, үгүй юү хурхираад өгөх нь тэр. Хэсэг хөрвөөж байгаад би ч зүүрмэглэж орхиж. Нэг мэдсэн чинь хүн амьсгаадаад, өвс зөөгөөд байх шиг санагдлаа. Сэмхэн босч өнгийвөл нүдэнд үзэгдэх юм алга даа гэсэн ч гурван газар байсан өвсийг нийлүүлж орхиж.
Хашааны эзэн ирж өвсөө янзалсан юм болов уу гэж бодоод дахин хажуултал дахиад өвс зөөгөөд болдоггүй. Чимээ гарсан чигийг тоочиглоод харвал юу ч байдаггүй шүү. Бүр аргаа барав. Босоод очих гэхээр ганц нэг хүн яваад айж цочих вий гэж бодоод болив. Яалт ч үгүй эрэгтэй хүн амьсгаадаад, ажил хийгээд байлаа. Хоолой засч чимээ өгвөл хариу алга. Дүү сэрчихэв. “Та яагаад унтахгүй байна?” гэлээ. Би эхлээд ямар нэг юм хэлсэнгүй. Айчихна гэж бодсон хэрэг л дээ. Есдүгээр ангийн хүүхэд шүү дээ. Юм үзэж, сонсоогүй улс аюултай шүү дээ. Цочирдож айгаад сэтгэцийн өвчтэй болохыг хэн байг гэхэв. Нойр хулжаад гээд залчихлаа. Дүү эргээд унтав бололтой. Тэгтэл өнөө хүн дахиад л ажиллаж эхэллээ. Их амьсгаадах юм. Гэтэл дүү сэрчихэж. “Ах аа, энэ юун чимээ гараад байна вэ?” гэх нь тэр. “Түрүүнээс хойш л тэгээд байсан юм. Хоёулаа гарч харъя” гээд босов. Гараад очвол сарны гэрэлд юу ч харагдсангүй. Юун хүнтэй манатай юм болов. хашаа саравчийг нэгжээд юу ч олсонгүй дээ. Хэрэг ч бишидлээ. “Эзэнтэй хашаа юм байна” хэмээн битүүхэн хэлбэл “Юун эзэн?” гээд дүү ойлгох янз байсангүй. Хэлэхээс аргагүйд хүрлээ. Хоёулаа энд хонож болохгүй нь ээ. Ойн зах руу дөхөж хоноё гээд явав. Нэгэн модны ёроол бараадаад өвсөн дээр хэвтээд өгөв. Тэгээд бид ийн ярилаа. “Энэ намаржаа эзэнтэй бололтой. Буг чөтгөр гээд л хүмүүс ярьдаг даа. Намайг багад манай нутагт бас нэг ийм өвөлжөө байсан юм. Хэн ч очоогүй байхад цэмбийтэл цэвэрлэж орхидог юм билээ. Эзэн нь Чантуу гэдэг хачин нэртэй хүн байсан юм. Тэгээд Чантуугийн сүнстэй өвөлжөө болоод удсан. Тэр хавийн өвс ургамал сайхан гардаг ч хүн, мал өвөлждөггүй байв. Бааст гэдэг хуучны номтой нэг өвгөн аргыг нь хайчихаад өөрийн өвөлжөө болгож авсан юм. Тэгсэн ч Чантуугийн чөтгөртэй өвөлжөө нэрнээсээ салаагүй юм” гэх зэргээр ярьсаар үүр цайлгаад өглөөний ундаа уучихаад би хоёр дошоо сахив.

Өглөөний гараан дээр хоёр дошоос нэг, нэгийг аваад харих замдаа гарав. Шууд хот орчихож болсонгүй. Хорио ид байсан болохоор бүр доошоо бууж Туулын хөвөөнд хоёр тарвагаа янзалж авъя гэж бодоод доош алхчихлаа. Гол дөхөж явтал хоёр айл байхаар нь цай уух санаатай орсон юм. Төв аймгийн айл нь хараажаар илт. Унд ус муутай, үг дуу цөөнтэй хүмүүс юм. Хоосон цай залгилангаа үг өдөв. Ойгоор жаал алхаж, үдэш болгоод дээр буй намаржаа бололтой газрын хашаанд хонох гээд хоёулаа чадсангүй. “Эзэнтэй юм шиг байна” гэвэл гэрийн эзэн бололтой өндөр хөх хүн сая нэг юм ам нээв. “Өө, тэгээ юу. Бардаггүй юм чинь тэр байх. Эзэн нь өнгөрсөн жил эндчихсэн юм. Насан гэдэг хүн байгаад өнгөрчихсөн. Сүнс сүлд нь хоргодоод яваагүй гэдэг. Та нар явуулын улс учраас мэдээгүй байна. Насангийн сүнстэй намаржаа гэдэг чинь тэр дээ. Тэгэхдээ хүн хард хиргүй ээ. Яах ч үгүй. Айж ичээгүй л бол болох нь тэр” гэж ирээд ярьсан юм. Насан гэдэг залуугийн өвөлжөө байсан юм билээ. Тэгээд өнгөрөхөөрөө сүнс сүлд нь намаржаандаа хоргодож орхихгүй юү. Ер нь хааяагүй тиймэрхүү өвөлжөө, хаваржаа, намаржаа бишгүй байдаг юм билээ. Хүүхэд байхдаа ч сонсч явлаа. Хожим нь өөрийн биеэр ч учирч үзлээ. Гэхдээ ихэнх нь гэм хоргүй юм шиг санагдсан. Надад л лав ийм тийм юм тохиолдоогүй шүү. Дээрх хар хүний хэлснээр айж цочихгүй аваас муу юм болдоггүй юм билээ гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэр намаржаа одоо ч бий байх. Гэхдээ арга чаргыг нь хайлгаад хэн нэгэн аль хэдийнээ өөрийн болгосон байлгүй дээ гэснийг нь уншигчиддаа өргөе дөө.

Далдын хар хүч шүглэсэн газарт дандаа хүмүүс эрсддэг


Фашистын Германы Рейхийн арми Орос орон руу халдаж довтлох ёсгүй байсан агаад гагцхүү муу ёрын сүнснээс болсон гэж үзэх хүмүүс байдаг. Энэ нь явсаар Монголтой холбогддог нь сонин. 1941 оны зун буюу зургаадугаар сард Зөвлөлтийн эрдэмтдийн экспедиц Узбекийн Самаркандын нутгаас эртний баатрын булш олсон нь Тамерлан хэмээгдсэн Төмөр хааных байжээ. Монгол гаралтай “доголон” Төмөр хааныг асар харгис, догшин хүн байсан гэх яриа бий. 1941 оны зургаадугаар сарын 19- ний шөнө Төмөр хааны булшийг задлахад Самарканд хотын өвгөд хөгшид ихэд цээрлэн сэжиглэж, “Төмөрийн булшийг битгий хөндөөч, аймаар юм болно” хэмээн гуйсан байна. Гэвч тэдний гуйлтыг хэн ч сонсоогүй бөгөөд яг хоёр шөнийн дараа Германы цэрэг Зөвлөлтийг нутаг руу халдан дайрч дөрвөн жил үргэлжилсэн аймшигт их дайн дэгдсэн аж. Үүнийг узбекууд Төмөр хааны хараал хүрч дайн гарсан хэмээн үздэг бөгөөд энэ нь цаг хугацааны тохиолдол гэсэн дүгнэлтийг хүлээн авдаггүй гэнэ.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт Чингис хааны хэрмэн зам бий. Бас Японы эсрэг дайтахад ухаж зэхсэн цэргийн окопууд зөндөө байдаг. Тийм нэгэн окопноос эмэгтэй хүний цогцос олдсон бөгөөд хүчиндээд амийг нь хөнөөсөн гэж ярьцгаадаг ч тэр хэн байсан нь мэдэгдээгүй гэдэг юм. Яг тэр үхдэл олдсон окопны хавьд Сүхбаатар аймгийн хоёр эр тарвагачилсан байдаг. Тээврийн тэрэгтэй тэдгээр эрс зөвхөн тарвагчлах гэж тэнд очоогүй нь лав. Бэр гуйх гэж ирээгүй гэлцдэг. Ямартаа ч жанжны нутгийн залуус байсан аж. Машины ноймор нь Сү гэхээр тодорхой. Тэд тааруухан анчид байсан уу мөнөөх окопны хажууд тарваганы нүх ухсан байдаг юм. Ус цутгалгүй зүгээр л хүрздээд, хагалаад окоп хүртэл төнхсөн байна. Гайхалтай нь, тэндээс тарвага гарсан эсэх нь мэдэгддэггүй. Ямартаа ч тэднүүс тарвага идээгүй нь тодорхой байлаа.


Хамгийн хачирхалтай нь мөнөөх хоёр гийчин хоёулаа ухсан нүхэн дээрээ дамналдаад нас барсан байхад нь хүн олжээ. Ямар шалтгаанаар үхсэн нь ч мэдэгдээгүй. Хэн нэгэнд хорлогдов уу гэхээр биен дээр нь ямар ч ил шарх, сорви байсангүй. Хүмүүсийн ярилцсанаар тэднийг лус савдгийн хорлолд өртөв үү гэсэн байна. Яагаад гэхээр болохгүй өдөр, цагт газар хөндсөнөөс юм уу эсвэл тэр нутгийн савдгийн элч болсон тарвагачны нүхийг ухаж төнхөж, саад тээр болсноос хорлогдсон гэсэн яриа гарсан юм. Түүнээс хэдэн жилийн дараа яг тэр окопны нүхэнд малчин өвгөн мориноосоо унаад өнгөрсөн үү, гэнэт бие нь өвдөж нас барсан уу, тийм нэгэн явдал болжээ. Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь эдний аль нь ч биш байжээ. Хөвсгөл нутгаас дорнын тал нутагт малчин болохоор нүүж ирсэн таван ам бүлтэй айл яг мөнөөх окоп, ухсан нүхний дэргэд буудаллан хоноглоод газар дээрээ цөм өнгөрчихсөн гэх яриа бий. Тэр шөнө ямар нэг салхи шуурга бүү хэл бороо цас ороогүй, маш нам гүм сайхан тогтуун өдөр байжээ. Харин энд нэг сонин яриа түгсэн нь сайхь шөнө галт тэргээр явсан ганцхан хүний нойр хулжсан тул цонхоор харанхуй талыг ажаад явж байтал эзгүй харанхуйн буйдаас жигтэйхэн тод ногоон гэрэл туяарч улмаар тэрхүү гэгээн дотроос амаа арзайж, соёо шүдээ ярзайлгасан үлгэрийн бирд шиг амьтан тамхины утаа шиг суунаглаж байснаа гэв гэнэт замхран ууссан гэнэ. Энэ ярианд үнэмшиж итгэсэн хүмүүс олон бус боловч нээрэн тийм байсан бол яахав гэж эргэлзэгсэд нь илүү элбэг байсан юм.

Хамгаас хачирхмаар нь бүсгүй хүний цогцос олдсон байлдааны окоп нүх нэг л өдөр шороогоор битүүлэгдсэн байсан гэх бөгөөд ойр хавиар нь машин тэрэгний дугуйны мөр гараагүй байсан гэдэг юм. Харин түүнээс хотын тэр хавиар явсан хэнд ч ахин аюул эрсдэл тохиолдохгүй болсон байдаг. Сүүлд нэгэн бөөгийн хэлснээр бол бусдын хүчирхийлэлд өртсөн бүсгүй хараасан учраас тэр жатга зүхлийн хар хүч зөвхөн энүүхэн орчингоороо тэнүүчлэн оршоод өөртөө ойртож дөхсөн бүхний аминд хүрчээ гэж өгүүлсэн байна. Тэгэхдээ окопны нүх яагаад өвлийн улиралд гэнэт хар шороогоор битүүлэгдсэний учрыг мөнөөх бөө “далдын хүч” хэмээсэн гэх юм билээ.

Талын ганц айл буюу чөтгөр, шулмын хорлол


Талын монголчуудын амьдралд тохиолддог таагүй зүйлсийн тухай олон яриа, домог байдаг ч ихэнх нь талын ганц гэр буюу айлын тухай байх нь сонирхол татдаг. Энд өгүүлэгдэх болсон явдлыг нисгэгч, хурандаа Даржийн Баатар ярьсан болно. Эхлээд олон түмний сайн мэдэх нэгэн тохиолдлыг өгүүлье. Тэр бол “Говийн зэрэглээ” киноны жүжигчдэд тохиолдсон гэх чөтгөр, шулмын хорлол билээ.

Тухайн киноны зарим зургийг Дундговь аймгийн нутагт авчээ. Зуны дэлгэр цаг байсан тул зураг авалт зугаатай, цэнгэлтэй байсан нь мэдээж. Амрахдаа амарч, айрагдсан шигээ байжээ. Нэг өдөр багийн ч бил үү, сумын ч бил үү бага шиг баяр тохиожээ. Киноныхон ч амарсан байна. Анчлах нь анчилж, айрагдаж, архидах нь айрагдаж, архидсан юм байх. Тал тал тийшээ таран одоцгоожээ. УДЭТ-ын найруулагч, жүжигчин Доржсамбуу тэргүүтэй жүжигчид Их газрын чулуу хэмээх байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар үзэхээр явцгаажээ. Баяр л тохиосон хойно хорхог боодог, балгах дарвих юм гаралгүй яах вэ. Ингэсхийгээд давхиж байтал ээрэм талын дунд ганц гэр цайвалзан харагдсан байна.

Талын зүйлс алган дээр мэт харагддаг болохоор юу гэж андуурах билээ. Цангаа тайлж цай уухаар зам хазайсан нь ойлгомжтой. Яваад очвол хонь малын хотгүй юм гэнэ. Малгүй айл бас байдгаа хэмээлцээд буужээ. Гэрээс нэгэн эр гарч ирээд хар, цагаан дуугүй орохыг дохисон гэдэг. Гэрт ороод эрэмбээрээ суувал говийн байдаг л нэг бор хүүхэн халуун цай самарч зогсчээ. Хар халуунд халуун цай яаж ууна даа гэсэн шүү юм бодоцгоож суутал цай ч болж хүн бүрт аягалан барьсан байна. Ёсыг бодон авч амсвал саяхан тогоондоо дэргэж байсан халуун цай цэл хүйтэн болчихсон байж. Туршлагагүй залуу хүмүүс явсан учраас уучихаад “Ямар сонин юм бэ” гэж дотроо бодоцгоон гараад давхицгаажээ. Машиндаа суугаад элдвийг ярин, болсон явдлыг гайхан хөөрөлдөх зуур ард сууж явсан жүжигчин, талийгаач Оюунцэцэг “Хүүе, нөгөө айл алга болчихож” гэжээ. Эргээд хартал үнэхээр харагдсангүй гэнэ. Бид холдоогүй, тэгээд ч талын айл хаачих билээ гээд буцаж давхин хайгаад олдоогүй юм гэнэ билээ. Тэгээд хэрэг бишидсэнийг мэдээд Их газрын чулуугаа ч орхин буцсан бөгөөд хамаагүй юм ярьж, цуу тарааж болдоггүй үе байсан учраас тэгсхийгээд хүссэн ч, эс хүссэн ч мартахаас аргагүй болжээ. Киноны зураг авалт дуусч жүжигчид хотдоо ирээд бүгд ижил өвчнөөр уван цуван нас барсныг одоо ч ярьдаг шүү дээ. Ингэж манай хоёр ч лут авьяастан болох дээрх хоёр жүжигчин хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон түүхтэй. Түүнтэй тун төсөөтэй зүйл нисгэгч, хурандаа Д.Баатарт наяад оны эхээр тохиосон байгаа юм. Ээлжийн амралтаа аваад хоёр нөхрийн хамт тарвагачлахаар тарваганы орон болох Дундговийн Үл-Олдохын талыг зорьжээ. Тарвага ч ёстой шороо шиг бужигнаж байж. Хорио тавигдсан болохоор хэдийг ч намнасан болно.
    
Гэхдээ бас зөвшөөрөл авдаг байсан тул гэрээ байгуулан 100 тарваганы ан хийхээр очоод бараг гурван хоногт л амжуулчихсан юм байх. Ийм олон тарвагатай газар сонирхолгүй юм байна. Нэгэнт ажлаа амжуулсан юм чинь өнөөдөр амраад буцъя даа. Хотод очоод загасчилъя гэж ярилцаад амрах болж. Энд ирснийх Их газрын чулуу үзчихээд харья гэлцээд гараад өгчээ. Тэр үеийн “Шаахай” хэмээх хажуудаа суудалтай хос мотоциклоор хөл залгасан улс газар товчлосхийгээд давхижээ. Гэнэт нэг нөхөр нь “Хөөе, тэнд ганц гэр байна” гэжээ. Бүгдээрээ сониныг нь гайхаад давхиад хүрсэн байна. Бас л мал хар байх шинжгүй, нохой ч үгүй байсанд арай туршлагатай, ахмад, юм үзсэн хүн тул хурандаа Баатар багагүй хар авчээ. Гэрээс ганган цагаан хүүхэн гарч ирсэн нь бүр алмайруулж орхиж. Хоёр найз нь арай залуу тул хүүхнийг нэлээд сониучирхаж буй нь ч ажиглагджээ. Байдал бишидсэн ч барьц алдахгүйг хичээн хоёр нөхрөө гэнэдэх вий гэхдээ арга сүвэгчлэхийг оролдон дотроо боловсруулан суужээ. Тогоон дээрх цай нь тэдэнд зориулж чанасан мэт дэвэрч буцалж байсан аж. Гэрийн эзэн бололтой нөхөр дуу шуу ч үгүй суух бөгөөд яриа хөөрөө ч өдөх шинж алга харагджээ. Бүсгүй цай аягалангуут хэрэг бишдэхийг гадарласан Д.Баатар “За, энэ хар халуунд буцлам халуун цайгаар яах вэ. Болсон идээнд ам хүр гэдэг” гээд цайнд нь хуруугаа дүрээд духандаа хүргэн босохдоо “Тэгнэ ээ, тэр” гэж боджээ. Хуруугаа дүртэл өнөө буцлам халуун цай нь цэл хүйтэн болчихсон байж. Их газрын чулуу хэр холыг лавлавал гэрийн эзэн гараар урагш дохисон аж. Хоёр нөхөр нь гайхасхийн дагаж гарчээ. Хурандаа хар, цагаан дуугүй мотоциклоо асаагаад хөдөлсөнд нөхөд нь дагасан байна. Тун холдоогүй байтал нэг нөхөр нь “Хурандаа, нөгөө айл алга болчихож” гэжээ. “Юун айл, ямар ч айл байгаагүй шүү дээ” гэвэл “Яагаав, сая бидний буусан айл алга байна шүү” гэсэн байна.

Дуугүйхэн давхиж нэг гүвээ даваад зогсон хоёр нөхөртөө болсон явдлын тухай ярьжээ. “Бид нэлээд том юмнаас саллаа. Миний нэг сайн танил говийн анчин бий. Тэр “Талд ганц гэр байвал бууж, мордохдоо болгоомжтой бай. Сэжигтэй санагдвал идээ, ундаанд нь хамаагүй хүрч болохгүй” гэж захисныг ашгүй саналаа. Би ч дөхөж очоод хар авсан юм. Та хоёрыг айж цочих байх гээд элдвийг хэлээгүй. Харин яаж байгаад юм идүүлж, уулгалгүй гардаг билээ л гэж бодлоо. Азаар ахмад нь би байсанд надад түрүүлж цай барилаа. Биднийг очиход нохой хуцаагүй. Малын хашаа, хэвтэр байгаагүй. Тэгээд ч талын ганц айлд тэр бүр ганган, хээнцэр хүүхэн байх учиргүй. Тиймээс та хоёрыг авч гарлаа. Та хоёрын нүд хүүхэнд унаад байсныг ч анзаарч л суулаа. Хожим нь иймэрхүү юманд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Худал, үнэн гэхдээ гол нь биш. Хүний ярьсан хэлснийг эргэцүүлж явахад гэмгүй. Тэр цайнаас амссан бол өнгөрөхгүй юү. Манай баруун монголчуудад нэг сайхан заншил байдаг юм. Мэдэж байхад илүүдэхгүй. Харамч яхир, идээ унд муутай айл таарвал ангаж, цангаж явсан ч ам хүрдэггүй. Тогоотой цайных нь хөлсөнд хуруугаа дүрээд духандаа хүргэн “Болсон идээнд ам хүрлээ” гэчихээд явахад л болно. Цай ундтай айл мундахгүй таарна шүү дээ” хэмээн яриаг нь амтархан сонсч суусан бидэнд зөвлөн бас сургамжилсаныг ч танд мөн хүргэсү.

Удганы сүнс ууль болон ирдэг болжээ


Хөвсгөлийн Ренчинлхүмбэ суманд хориод жилийн тэртээ болсон нэгэн явдлыг нутгийн яруу найрагч эрхмээс сонссоноо хүргэе. Хөвсгөл аймаг тэр дундаа дээрх сумын дархдууд хэзээнээсээ бөө мөргөл, удган зайрангийн бараг төв нь болсоор ирсэн билээ. Тиймээс ч “Хөвсгөлийн хүнтэй хамаагүй хэрэлдэж, муудалцаж болохгүй” гэсэн яриа гарсан буй за. Энэхүү яриа яагаад ч юм одоо ч амь бөхтэй байдаг. Энд өгүүлэгдэх удганы жинхэнэ нэрийг мэдэх хүн байхгүй. Ид шид, онгод омог ихтэй тул ихэд цээрлэн “Цэ” удган хэмээдэг байжээ. Үе дамжсан онгодтой гэгдэх тул орон нутгийнхан байтугай цагдаа, шүүх НАХЯ-ныхан хүртэл цэрвэдэг юм байх. Сумын Намын үүрийн дарга нь “Цэ ажааI Амьтан хүн бужигнуулахгүйхэн шиг ажил төрлөө амжуулаарай” гэж амаараа хүртэл зөвшөөрөл өгч байх вэ. Хамаа намаагүй бүжиглэж цамнаад байдаггүй ч хааяа нэг буухаараа хавь ойрынхныгоо үймүүлээд хаячихдаг байж. Архи, дарс уумхай ч айл амьтнаар ороод байдаггүй гэнэ.

Сумын төвөөс холгүйхэн ганц гэрээр суудаг байж. Ганц охинтой ч тэр нь хүнтэй суугаад аймгийн төв бараадсан болохоор хааяа нэг айлчилж ирнэ үү гэхээс барагтаа бол бараагаа харуулдаггүй байсан нь мэдээж. Наяад оны сүүлчээр тус суманд гэнэт халдварт өвчин гарч, цахилгаан мэнэн гээд сүйд болжээ. Нэг айлын гурван хүүхдийн хоёр нь эндэн, нэгийг нь аймгийн эмнэлэг рүү авч оджээ. Ингээд суманд карантин тогтоосон байна. Тэр өвчин цахилгаан мэнэн бишийг аймгийн комиссоос өмнө тогтоосон ганц хүн Цэ удган ажээ. Нэг өдөр сумын эмнэлгийн үүдэнд Цэ удган нэлээд халамцуухан буусан байна. Тэрээр эмч хүүхний өрөөнд орж ирээд “За, эмч минь. Юу болоод байна даа. Ямар ч халдварт өвчин байхгүй. Би үе дамжсан онгодоороо андгайлж байна. Тэдний хүүхдүүд болохгүй юмаар оролджээ. Түүнийг нь би аргалъя. Хорио мориогоо цуцлана биз” гэжээ. Хорио цуцлах эрх эмчид байх биш.

Гэхдээ нутгийн хүн болохоор эрхбиш удганы ур чадварын талаар сонсолгүй яах вэ. Тэгээд ингэж хэлжээ. “Хориог аймгаас цуцлах байх. Би мэдэхгүй. Тэгэхдээ та тэрийг даавал сайн байна. Гурван хүүхэдтэй айлын хоёр нь эндчихлээ шүү дээ. Аймаг явсан нэг нь яах ч юм билээ. Би аймгаас ирэх шийдийг хүлээе” гэжээ. Эмч аймгийн комисстой холбоотой байсан нь мэдээж. Аймгийн төвийн эмнэлэгт очсон хүүхэд Сэхээний тасагт хүнд байгаа дуулджээ. Өвчин гарсан айлд хүн хар оруулахыг хорьсон ч хээгүй, хэнэггүйгээрээ алдаршсан Цэ удганыг хэн хорих билээ. Яваад буучихжээ. Айл амьтан ч хаая, хүүе болоод явчихаж. Удган уурлах, айлгахын хооронд ийн хэлжээ. “Танай дунд хүү бусдыгаа чирчихэв бололтой. Болдоггүй газрын бут хугалжээ. Багыг нь би аргалъя. Айлтгүй ээ” гэжээ. Ингээд цамнаж бөөлж гаралгүй хаачихав. “Энүүхэнд ургадаг хэдэн яргайгаас авчихжээ. Тэр чинь болдоггүй гэдгийг та нар мэддэггүй хэрэг үү? Тун ч тоогүй юм болжээ” гэжээ.

Гэрийн эзэгтэй, “Мэдэлгүй яах вэ. Манай хүн гэж нэг тэнэг хар юмны л хийсэн хэрэг. Хотоос хүн ташуурын иш хийх яргай захилаа гээд сүржигнээд байсан юм. Тэгж, тэгж өөрөө авалгүй хүүхдээр хугалуулчихгүй юү” гээд уйлжээ. Тэгээд ташуурын иш болгохоор авсан яргайг нь “амилуулаад” тэр газар нь булуулжээ. “Танайд дахиад нэг сайн хөвүүн заяана. Заяаг нь бүү гомдоогоорой. Аймаг явсан хүүхэд өнөө шөнө эдгэж хоноод ирнэ” гээд оджээ. Ёстой хачин юм маргааш нь болжээ. Сумын эмчийн утас хангинасныг авбал “Танайхаас ирсэн хүүхэд эдгэж хонолоо. Шинжилгээний хариу мэнэн биш гэж гарсан. Хориог цуцал” гэжээ. Сум даяар хөөр хөөрцөг болохын хамт удганы талаар шуугиад явчихаж. Түүнээс хойш бүр ч дархлагдсан бөгөөд хүүхдийн аав шөлний хониор эргэж, сумын дарга хүлээн авч сүйд болсон гэдэг. Хоёр хүүхдээ алдсан залууст хойтонгоос нь нэгэн хүү заяасан нь одоо том эр болсон нь мэдээж. Түүнээс хойш сумын дарга, эмч бусад хүмүүс ч Цэ удганаас цэрвэлгүй зарим зүйлийг хэрхэхийг асуудаг болсон байна. Цэ удган заримдаа айлын гадуур согтуу давхиж явахдаа санаа авах, сэрэмжлүүлэх зүйл хэлдэг байж. Нутгийнхан ч хэлснээр нь бололгүй яахав.

Нэг удаа сумын Намын үүрийн даргын гадуур давхиж өнгөрөхдөө “Чи амьтны хамраас цус гаргах нь ээ. За, яахав. Зайлбаргүй юмыг яалтай. Харин нэг хөгшин мэгж өөрөө ирэх байх. Түүнийг л аваарай. Илүү юм харж болохгүй шүү. Танайх удахгүй аймгийн айл болно” гэжээ. Сайндаа ч биш сумын Намын хорооны дарга идшиндээ нэмэр хийхээр гахайн авд мордох гэж байж. Бүх юм үнэхээр хэлснээр нь болсон байна. Тэр олон гахай үргээхэд очиж очиж нэг хөгшин мэгж өмнөөс нь ганцаараа давхиж ирж. Удган хэлээгүй бол түүнийг өнгөрөөж орхилгүй яахав. Гахай мундсан биш. Нөхөд нь “Та энэ олон гахайнаас очиж очиж үүнийг аваад байх даа яахав” гээд гайхаад хоцорчээ. Тун удалгүй дарга тушаал дэвшин аймгийн Намын хороонд очсон гэнэ билээ. Тиймэрхүү зүйл алийг хэлж барах вэ. Төдөлгүй удган нас барсан тул нутгийн олон хэлэлцээд дархдын ёсоор оршуулсан байна.

Тэр цагаас хойш тэр хавиар нэгэн ойн ууль харагддаг болжээ. Зүгээр нэг ууль биш нь мэдээж. Харин сайн мэдээ хэлж ирдэг нь хачин шувуу байж. Ууль уг нь урт настай шувуу биш л дээ. Одоо хүртэл үзэгддэг гэхээр удганы сүнс мөн болж таараад байгаа юм. Нутгийн бөө нар тэрхүү уулийг аргадаж, тахисаар өнөө хүрчээ. Нэгэн өдөр найрагчийн өрхөн дээгүүр эргэлдсэн бөгөөд дөнгөж шүлэг тэрлэж асан тэрбээр аймаг руу шилжиж ажилд орохсон. Болбол хот явж шүлэгч болохсон гэж боддог байсан үе таарч л дээ. Тун удалгүй аймгийн сонинд ажилд орж, түүнээсээ хотод ирж, хэдэн ном гаргаж, “Болор цом”-д ч хэдэнтээ дээгүүр давхисан билээ. Зөвшөөрөл аваагүй тул нэрийг нь хэлж чадсангүй. Гэхдээ шүлэг найраг сонирхогч хүмүүс эрхбиш “Тэр л болов уу?” хэмээн таасан гэдэгт найднам. Зөнч ууль хэдэн жил түүгээр эргэлдэхийг хэлэх боломжгүй билээ. Сайхан мэдээ дамжуулдаг сайн шувуу байж байхад гэмгүй биз ээ.

Шамбалын орны элч, буянтай хүнд үзэгдэж ачлалаа хүртээдэг


Тэнгэр бүрхэж, шороо босоод яах ийхийн зуургүй амгалан хөх тэнгэр нүргэлж, усан бороо шаагихад Должингийн айдас хүрчээ. Энэ их бороон дундуур малаа туугаад гэртээ харих хооронд шалба норж, хатгаа тусах ч энүүхэнд болжээ. Гагцхүү аянганд ниргүүлчихгүй юмсан гэж тэр тэвдэж явав. Гэтэл бороон дундаас нэгэн морьтон түүнийг чиглэн ирэхэд Должин ашгүй ханьтай болох нь хэмээн баярласан ч дараахь хоромд дахин түгшжээ. Сумын дунд сургуульд байхдаа хоёр гурвантаа барааг нь харснаас цаашгүй тэр морьтонг хүмүүс янз бүрээр ярих. Зарим нь түүнийг нөгөө ертөнцтэй харилцдаг, өөдөөс нь хялайж харах юм бол тэр дорхноо мажийна гэсэн аймшигтай зүйл ярьцгаах. Эхнэр хүүхэд, орон гэр, мал хуй гэж байхгүй тэрбээр айл айлаар бууж, хонож хорвоог барах ба заримдаа хаачсан нь мэдэгдэхгүй сураг алдарна. Шамбалын орон руу явчихсан байх гэж хүмүүс шивнэлдэх бөгөөд зуу шахсан хөгшдийн ярьснаар бол “Хөх дээлт” хэмээн нэрлэгддэг гандмал хөх дээлнээс салдаггүй энэ өвгөн тэднийг залуу зандан явахад л яг ийм өвгөжөөр байсан юм гэж барин тавим хөөрнө. Хэнийх нь үнэнийг таахын аргагүй.

Гэхдээ Должин эмэг эхдээ итгэнэ. Эрд гараагүй сөөсгөр охин байхад л энэ “Хөх дээлт”- ийг анх үзсэнээ эмээ нь ярьсан агаад “Ороод ирвэл унд хоол өгдөг юм шүү. Идэж базаадаггүй юм аа. Манай өвөө, эмээгийн үед л ийм хүн явсан гэдэг шүү. Үхэшгүй мөнхийн хувилгаан юм гэнэ лээ” хэмээсэн билээ. Хөх дээлтийн нүд нь айхтар ширүүн. Гал цахилгаан гялалзах шиг хурц тул хүмүүс эгц ширтэхээсээ жийрхэнэ. Ийм хүн гэнэт бороон дотроос гарсан мэт хажууд нь ирж дөрөө харшуулахад Должин аймсчээ. Хальтхан харвал Хөх дээлт аман дотроо дүнгэр дангар гэх нь маани тарни унших мэт. Хүнтэй барагтайд дуугардаггүй болохоор Должингийн ангид сурдаг нэг банди “Хэлгүй хөх дээлт” хэмээн хэлснээ долоон хоног хэл нь таглараад сүйд болох дөхсөн билээ. Хувингаар биш шүршүүрээс асгарах мэт цалгиж байсан бороо гэнэтхэн дээрээс нь гоожихоо болиход Должин бүр айжээ. Яалт ч үгүй их усан бороо хоёр морьтныг тойрон асгараад тэдэн дээр ганц дусал ч унахаа больжээ. Нэг мэдэхүйд тэр хотныхоо гадна ирсэн байсан бөгөөд яаж ийм түргэн хүрснээ гайхна. Хөх дээлт газрын гав руу шингэсэн мэт алга болжээ. Замдаа хэнтэй таарсанаа эмээдээ яривал “Еэ, гончигсүм минь! Манай урд хонхорт айхтар аянга буусан шүү. Миний муу бор охин бурханы авралаар мэнд үлдсэн нь тэр ачтаны буян даа, хөх тэнгэр минь. Дандаа залбирч яваарай” гэж залбирч билээ. Тэр өвөл Должин өвдөж сумын эмнэлэгт хэвтээд өөдөлсөнгүй. Аймаг, хотын эмнэлэг бараадъя гэлцэж байтал Хөх дээлт өөрөө хүрээд иржээ. Эмээ нь өвдсөн зээ охиндоо байнга л “Тэр буянтныг дуудан залбирдаг юм шүү. Ач тус нь ирэх ч юм бил үү” гэдэг болохоор Должин санах бүхэндээ залбирна. Төдөлгүй эмч ирж халууныг үзээд гайхшран “Түрүүхэн л жигтэйхэн халуурч байсан чинь одоо зүгээр болчихож” гэсэн байна.

Маргааш өглөө нь Должин эмнэлгээс гарчээ. Арваад хоног халуурч онош нь олдохгүй байсан охин гэнэт эв эрүүл болчихсонд хэн хүнгүй гайхах нь зөв. Гэхдээ Хөх дээлт ирснийг хэн ч хараагүй байсан нь хачирхалтай. Эмээ нь хэлэхдээ “Буурал азаргаа унаад л ирсэн. Тэгээд мордоод явсан даа. Хүмүүс харж л байсан даа” гэсэн боловч хэн ч мэдээгүй нь сонин. Тэгэхэд эмэг эх нь “Миний бор охиныг Бурханы хувилгаан авралдаа багтаасан байна. Охин минь их заяа буянтай бололтой. Манай нутагт ийм нэг буянтан морилсон нь ямар их завшаан бэ” гэж залбиран наминчилж байсныг Должин яах мартах вэ. Хэдэн жилийн дараа Должин нас биед хүрч нутгийнхаа залуугийн өрхийг татаж, галыг нь асаалаа. Эрүүл саруул залуу хүмүүс дорхноо л үр хүүхэд цувруулаад эхэлдэг жамаар Должин жил дараалан хоёр охин төрүүлэв. Тэгтэл Цагаан сарын урьдхан жинхэнэ бууз, банш гээд бөөн ажилд дарагдаж байх үеэр бага охин нь халуурч хүн бүрийг сандаргалаа. Охиноо өвдсөн шөнө Должин цурам хийсэнгүй. Сэтгэл дотроо Хөх дээлтийг дуудан ачлал буян гуйж байлаа. Үеийнх нь нэг бүсгүй хэдхэн өдрийн өмнө нялх хүүхдээ ингэж байгаад алдсаныг санахаар Должингийн гол харлаж, хоол бүү хэл цай ч ууж чадахгүй байжээ. Ангаахай үр нь айхтар халуунтай байсан агаад сум руу хүн явуулсан ч эмчийн унасан машин замд эвдэрсэн үү цөхөртөл хүлээлгэжээ. Шөнө дундаас хойхно Должин хаалга нь онгойж гандмал хөх дээлтэй, намхан хар өвгөн орж ирэхийг харуутаа л уйлж гарчээ. Тэр хэзээ ч тэгж баярлаж үзсэнгүй. Харин сэхээ орох үед л “Одоо айлтгүй, зуу наслах охин байна” гэж Хөх дээлт нарийхан шингэн дуугаар хэлжээ. Должинг цай, идээ болох гээд өндийх үест өвгөний бараа ч алга. Охиных нь магнай дээр зуухны хөө түрхсэн бололтой агаад хүүхэд нь амгалан нойрсох нь халуурахаа нэгэнт больжээ. Должин тэрхүү охины духан дахь хөөнд хурууныхаа өндгийг хүргэвэл хөө биш агаад гарт нь шууд шингэх нь лав нэгэн төрөл тос бололтой. Гэхдээ хачин эрхэм үнэр ханхалж байв. Хөх дээлт ахин үзэгдээгүй уджээ. Шамбалын орондоо буцсан уу, ямар боловч эгэлгүй хувилгаан гэдэгт Должин үргэлж итгэдэг билээ.

Биеэ үнэлэгчийн сүнс буудалд хоргодож сандраажээ


Хэн нэгний сүнс ямар нэгэн юманд хоргодсон тухай яриа хаа сайгүй л байдаг. Голдуу эд хөрөнгө, мөнгө төгрөгтөө хоргодсон тухай ярьдаг. Хужаагийн сүнс ялангуяа хөрөнгө, мөнгөнд хоргоддог талаар биднийг багад бишгүй ярьдагсан. Одоо өөр болжээ. Цагаа дагадаг ч юм уу, цаглашгүй олон юманд хоргодсон талаар ярьж, бүр бичдэг болов. Үнэн нь буй л байх. Худал нь ч бий л биз. Хамгийн сонин нэгэн сүнсний тухай одоо өгүүлье. Буудлын нэр төр, ашиг сонирхлыг бодоод энэ удаа байрлал, нэрийг дурдахыг азная. Бизнесийн эрх ашиг гэж нэг юм бийг хүндэтгэх хэрэгтэй байх. Тэгээд ч бусдад аюулгүй сүнс юм билээ. Арга чаргыг нь хайлгаснаас хойш хэдэн хоног “ирээгүй” гэсэн. Бүр явсан ч байж мэдэх юм. Тэгэхдээ нэгэн зүйлийг тодруулах хэрэгтэй болов уу. Тэр бүсгүй энд өгүүлэгдэх буудалд нас бараагүй юм байна. Харин байнгын үйлчлүүлэгч нь байжээ. Хотын захын дэн буудал тул тэр бүхний анхаарал татаад байдаггүй, анхнаас нь мэддэг байнгын хэдэн үйлчлүүлэгчээр, ялангуяа биеэ үнэлэгч хүүхнүүдээр дамжаад цөөн үйлчлүүлэгч ирдэг гэх. Тэгээд ч тавхан өрөөтэй буудал харьцангуй тайван, амар нь мэдээж. Үйлчлүүлэгчид нь ирэхээсээ өмнө голдуу утсаар ярьчихдаг тул бараг бэлэн байдалд байдгаа ч эзэд нь ярьсан юм. Эднийх дэлгүүр, халуун ус, бяцхан буудалтай болохоор эхнэр, нөхөр хоёр хүү, охинтойгоо болгоод байдаг авсаархан ч юм. Ганц хоёр гаршсан үйлчлэгтэй, тэдэнтэйгээ ахан дүүс болчихсон хоёр ажээ. Хоёр үйлчлэгчийнх нь нэгэн болох Уука гэдэг бүсгүй энд өгүүлэгдэх явдлыг анх мэджээ. Өвлийн нэгэн сарын нэгэнд эзэд нь айлчлахаар явахдаа бүхнийг Уукад хариуцуулжээ. “Архи, дарсаар үйлчилдэггүй өдөр таарсан тул хүн бараг ирэхгүй байх. Ирсэн ч ганц хоёр эрүүл хүн ирэх биз.

Тэгээд ч над руу ярих учраас очиж болох эсэхийг хэлчихнэ” гээд эхнэр, нөхөр хоёр явжээ. Хоёр хүүхэд нь байвч хэрэгт дурладаггүй, хүмүүжилтэй залуус болохоороо хөшилдөөд байсангүй аж. Хорвоогийн хоног өдөр урсана гэгчээр харуй бүрий хүрээд ирэлгүй хаачих вэ. Өдөржин ганцаар гиюүрсэн Уука зурагтаас өөр ханьгүй тул тэгсхийгээд амрахаар шийдсэн байна. Хүн хар ч ирсэнгүй гэнэ. Залуу хүн яахав, дэрэн дээр толгой тавиад л гүйцэх хойно нам унтаж орхижээ.
Нойрон дунд нь нэг л сонин юм сонсогдоод байх шиг, зүүдлээд ч байх шиг санагдсан байна. Арайхийн сэрвэл 10 дугаарын өрөөнөөс хүүхний тачаадан яраглах, эрийн амьсгаадан тэчьяадах, ор шажигнах чимээ гарчээ. “Хүн огт ирээгүйсэн. Хэн, хэзээ ороод ирдэг байна аа? Яасан сонин юм бэ гээд яваад очтол өрөөнд үнэхээр эр, эмийн ажил өрнөж буй аятай байжээ. Бүсгүй бүр алмайрч орхиод түр хүлээхээр шийдсэн байна. Тээкнийхээ ард ирээд суутал өнөө хоёрын ажил оргилдоо хүрэв гэлтэй, бүсгүй нь орилж чарлаад сүйд болж, эр нь ихэд хүнгэнээд чимээгүй болчихож. Сонин юм даа. Сүглэгээ /байнгын үйлчлүүлэгч/ л бараг өөрийн гэр шиг эзэгнэдэг юм. Хавьд харагдаагүй. Нээрээ эмнэлгээр явах боллоо гээд хорчийчихсон амьтан явсан юмсан. Арай илүү түлхүүртэй юм биш байгаа” гэж бодоод зөөлхөн алхалсаар очоод хаалгыг нь аяархан тогшсон байна. Хариу байдаггүй. Өөрт байсан түлхүүрээр түлхүүрдвэл онгойжээ. Гэрлийг нь асаатал хэн ч байсангүй гэнэ. Айсандаа болоод хөшиж орхисон бөгөөд бүх бие нь салганан чичирч, хамаг үс нь босох шиг болсныг л санажээ. Нэг мэдэхэд хоёр хүүхэд дээр оччихсон уйлаад сууж байжээ. Тэд нь тайвшруулаад сүйд болсон байна. Арайхийж тайвшраад бүхнийг ярьжээ. Ингээд гурвуул дээр гарч хажуугийн өрөөнд нь хамт хоносон боловч дахин ямар нэг юм тохиогоогүй гэнэ. Ингээд эцэг, эхийг нь ирэхээр бүгдийг яриад бөөн юм болжээ. Гайхаж хоцорсон эцэг нь ганцаараа гарч юу болохыг үзэхээр шийдсэн байна. Ингээд тэр шөнийн ээлжийг даажээ. Хүн хар ч аваагүй байна.

Шөнө дунд нөгөө юм болдгоороо болжээ. Эр хүн хэдий ч эмээлгүй яахав. Их л цонхийчихсон амьтан гэртээ ороод иржээ. Ингээд хамаг асуудал өрнөх нь тэр. Буудлаа цоожилж орхичихоод цурам хийлгүй хоноод, Дамбадаржаагийн нэгэн хийдийн таньдаг ламдаа очжээ. Лам, зурхайч хоёр үзээд, “Айх аюул алга. Тэр өрөөгөөр байнга орж, гардаг эмэгтэй хүний сүнс хоргодсон байна. Эд хөрөнгө, элдэв юманд болоогүй ажээ. Орон гэрээ гэж төөрөлдсөн бололтой. Очиж аргалъя даа” гээд ирсэн байна. Бэлдэх зүйлийг бэлдүүлээд, ном судар дэлгэн, бяцхан уншлага үйлдэн арц, хүж болоод аргалжээ. “Нэг их шунаж хоргодоогүй учраас амархан явлаа. Эргэж хургахгүй. Санаа зоволтгүй” гээд гараа цайлгуулан гарч оджээ. Түүнээс хойш хагас сар боллоо. Одоохондоо мэдэгдсэн юм алга. Бидний таамагласнаар тэр өрөөг байнга захиалдаг Сүглэгээ гэдэг өндөр шар охин байсан юм. Буруу замаар явдаг ч ааш зан тийм ч эвдрээгүй, архи, тамхи хэрэглэдэггүй, ахаа, эгчээ гэсэн хүүхэд байсан юм. Ирэхээ болиод удаж байна даа. Нэг ирэхдээ их турчихсан, эмнэлэг домнолгоор явахаас гэж байсан. Тэр л бурхан болчихсон юм болов уу даа. Амьдралын эрхээр алдаж, онож явсан залуу хүн ямар сайн байх вэ гээд гэрийн эзэн, эзэгтэй хоёр дуугаа хураав. Би ч ихийг шалгааж зүрхэлсэнгүй.

Зурхайчийн цогцсыг хөвчийн хүрэн хөндсөнөөр тэнгэртээ зорчжээ


Энэ сонирхолтой явдал Хэнтий аймгийн Батширээт суманд ерээд оны эхээр тохиосон бөлгөө. Нутаг усандаа нэн алдартай Данигай гэх өвгөн хэдэн үе дамжин тэр хавиар аж төрсөн удам дагасан сүүлчийн зурхайч гэнэ билээ. Яг аль сумынх нь тодорхойгүй ч голдуу амьдарсан болохоор Батширээтийнх гэдэг байжээ. Харин өөрийгөө “Би Хэнтийн хөвчийн хүн” гэдэг байж. Жинхэнэ амьдын зурхайчдын бараг сүүлчийнх нь тэр гэхэд хилсдэхгүй. Манайхан зурхайчдыг заримдаа буруу ойлгодог, тайлбарладаг бололтой юм билээ. Зурхайч, лам хоёрыг холиод явдгийг, өөрөөр хэлбэл андуурдгийг хэлээд байна л даа. Зурхайч гэдэг нь тоймловол одон гараг, хүн амьтны харилцаа холбоог тооны аргаар тодорхойлно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрснөөс үхэх хүртэлх үеийн амьдралыг нь нэгбүрчлэн зурж, шинэ төрөгсдөд нэр хайрладаг ачтан ажээ. Ийм зурхайчдыг тухайн үед нь бодлогын чанартай бэлддэг байсан гэх. Тухайлбал, Богдын Засгийн газраас тусгайлан бэлдсэн зурхайчдыг нутаг оронд илгээдэг байж.

Зурхайчдыг тухайн бүс нутгаас нь ч бэлддэг байсныг түүхэнд өгүүлсэн буй. Тэд орон нутгаа тэр чигт нь хариуцахаас гадна Богдод мэдээ хүргэдэг байж. Чухам юу хийдэг байсныг нь цухас дурдая. Нутгийн айлд шинэ хүн төрлөө гэе. Хамгийн түрүүнд зурхайчид хандана. Зурхайч тэр хүүг ямар одонд, ямар гарагт, ямар өдөр, ямар цагт төрснийг тооцоод хувь тавиланг нь зурна гэсэн үг. Тэгээд “Танай хүү тийм одонд төрсөн тул төрийн хар хүн болно. Баатар төржээ. Бичгийн хүн байна. Төрд хэрэгтэй. Эцэг, эхдээ тустай эгэл хүүхэд ажээ. Гар дээрээ өсгөнө биз. Төдөн настай юм. Төдөн насанд нь тийм сайн үйл тохионо. Төдөн насны жил дээр гай барцадтай. Анхаарна биз” гэх зэргээр замыг нь зааж өгдөг байжээ. Тиймээс ингэж нэрлэ гээд нэр усыг нь хүртэл хувь заяатай нь холбодог байсан гэдэг. Түүнээс биш одоогийнх шиг Ану, Муну гээд санаанд орсноороо нэрлэхгүй.

Тэгвэл төөрөг тавилан нь төөрөлдөж, амьдралын зам мөр нь хазайж, амь нас нь ахар болно гэх мэтээр их ёс төртэй байсан байгаа юм. Хэрэв гоц гойд хүүхэд төрвөл Богдын сонорт хүргэснээр төрийн анхааралд авч багаас нь боловсруулах замаар эрдэмтэн, мэргэдийг ч тусгай бэлтгэдэг байсан байгаа юм. Баатар, дайчин эрсийг ч мөн адил. Зүгээр нэг мөрөөр яваад Ардын хатанбаатар С.Магсаржав юм уу алдарт Ш.Намхай аварга болчихдоггүй юм байна л даа. Төлгөнд бууснаар нь тэрхүү нэрийг хайрлаж түүний дагуу эцэг, эх нь анхаарал тавихыг хэлээд байгаа юм. Монголын цөлх хөх өвгөд ярьдаг байжээ. “Манай энэ төрийн хүн болно. Хурга, ишиг хөөлгөөд яах вэ. Эрдэм номын мөр хөөлгье дөө. Энэ ч дээ, малын зах л бараадах хүн дээ” гэхчлэн хүүхдүүдээ багаас нь тодорхойлоод тэр дагуу нь сургаж, хүмүүжүүлдэг асар их амьдралын ухаантай байж. Тэглээ гээд алдахгүй. Харин ч хожино гээч. Үр хүүхдээ гэрлүүлэхдээ ч мөнөөх зурхайчийн хэлснээр хийнэ. Хайр сэтгэл энэ тэрийг бодохгүй биш боддог байж. Тэгээд зурхайчаас тохирох эсэхийг лавлана. Зурхайч барагтай зүйлийг засаад, тохируулчихна. Бараг ганц зүйл дээр их хатуу. “Тэднийхэн богино настай. Тийм өвчнөөр явамтгай. Удмаараа нарийнтдаг улс байгаа юм” гэсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ нь үр удмаа гэсэн хамгийн зөв бодлого ажээ. Хэн үр удмаа богино настай болгохыг хүсэх билээ. Энэ бүхний гэрч болгон Данигай зурхайчийн амьдралаас өгүүлэх гэсэндээ үүнийг өчиж сууна. Тэрбээр жинхэнэ амьдын зурхайч байсан нь олон зүйлээс харагддаг. Нутгийн нэгэн өвгөн энэ талаар надад олныг өгүүлсэн боловч тэр бүхнийг нь тэмдэглэж аваагүйдээ ихэд харамснам. Тэгэвч онц сонирхолтой зарим нь оюун санаанд минь үлдсэн нь мэдээж. Социализмын хатуу ширүүн цаг үе байсан ч нутгийнхан түүний үгээс гардаггүй байжээ. Үр хүүхдийнхээ амьдын зурхайг байнга зуруулж, нэр алдар хайрлуулсаар ирсэний зарим нь бидний сайн мэддэг хүн ч байх жишээний.

Тэр жил Ренчинийд нэгэн хөвүүн мэндэлсэнд Данигай зурхайчийг урьснаар хамаг явдал өрнөжээ. Зурхайч зураг төөргийг нь зураад “Их адармаатай зам туулах хүү байна. Зам мөрийг нь өөрчлөөд яах вэ. Алдартай хүн болно. Нас богиновтор юм. Хүнд бэрхийг туулах ч ер бусын хүү тул зурхайд буусны дагуу Чойном хэмээн номын нэр хайрлая. Бусдыг төөрөг заяа нь мэдэг” гэжээ. Та лав ухаарсан биз ээ. Монгол улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном ингэж төрсөн түүхтэй ажээ. Нэгэн айлын хүүд Ловзор гэдэг нэр хайрлажээ. Монгол, түвд нь мэдэгдэхгүй сонин нэр байгаа биз? “Танай энэ хүү тарнийн ухаанд лут хүн болно. Нутаг усандаа ээлгүй ч нийтэд ээлтэй юм” гэжээ. Тийм үед тарнийн ухаанд лут хүн болно гэхийг энгийн хүн хэрхэн ойлгох билээ. Бараг бүтэхгүй зүйл хэллээ. Юун ч сонин нэр вэ дээ гэх зэргээр бодоод өнгөрч л дээ. Хожим нь Ловзор гуай тун сонин тохиолдлоор оточ болжээ. Бусдын адил бага насаа хонины бэлчээрт үдэж, тарвага зурам хөөсөн хүүг хэн, хэзээ тарнийн ухаанд нэвтэрнэ гэх билээ. Эцэг, эх нь тэгсхийгээд мартсан бололтой. Тэгэхээс ч яах билээ. Төдөлгүй сургуульд оржээ. Бусдын адил сурсаар, дотуур байранд амьдарч явсаар нэг мэдэхэд 10 дугаар ангиа төгсөх мөч ирсэн байна. Тэгтэл аймгийн 10 жилийн сургуульд ёстой сонсоогүй хуваарь нэг ирсэн нь “Ганданд лам бэлдэх НТХ- ны шийдвэрийн дагуу аймаг бүрээс хоёр хүүхэд элсүүлэхээр явна. Сонирхсон хүүхдүүдээс сонгон, шалгаж авна” гэсэн байна. Ингээд сонирхсон хүүхдийг бүртгэвэл бас ч гэж яахав дөрвөн хүү бүртгүүлжээ. Бүртгэгчдийн нэгнийх нь нүдэнд Ловзор гэх сонин нэртэй шар хүү өртсөн байдаг. Хүн таньдаг хүн байдаг даа. Азаар юм уу тохиолдлоор, бүр төөрөг тавилангаар нэг тийм хүн элсэлтийн багийг ахалж явсан байгаа юм. Тэрбээр Ловзорыг бүртгэнгээ нөхөддөө “Нэгийг нь олчихлоо. Нөгөө гурваас нэгийг нь авъя” гэжээ.

Ингээд Ганданд ирж ном сураад сайн оточ болон насан эцэслэтлээ хотод суусан гэдэг. 70- 80- аад оны юм мэдэх хүмүүс андахгүй гэнэ билээ. Гандангийн хашаанд ганц гэрээр, ганцаараа аж төрдөг нэгэн тарнич лам байсан агаад олонд их тус болсон гэх юм билээ. Бас нэг сонин түүх бол Хэнтий нутгаас төрсөн хур баян “алтан” Мажигийн амьдын зурхайг зурж, төөрөг тавиланг нь заажээ. Төрөнгүүт нь үзээд “Нутагтаа зартай баян, чинээлэг хүн болно. Хөрөнгө арвижуулах одтой юм. Эрдэнэсийн нэрээр насан туршаа нэрлэгдэх нигууртай. Дуудах нэрийг нь Мажиг гэе” гэжээ. Ийнхүү бид бүхний андахгүй мэддэг, олны танил чинээлэг малчдын нэгэн болох “алтан” хэмээх эрдэнийн нэрийг насан туршаа дуудуулах хувьтай хүмүүн Мажигийн түүх ийм бөлгөө. Зүгээр л Мандах юм уу Баяр гэчихсэн бол яах ч байсан юм билээ, хэн мэдлээ. Данигай зурхайч энэ мэтээр насан туршдаа нутаг усныхандаа тус дэм болсон нэгэн бөгөөд заримдаа аймгийн учир мэдэх хүмүүс ч урьж хүү, охиндоо нэр хайрлуулан, заяа төөргийг нь нууцхан бичиж аваад замыг нь заалган хүмүүжүүлдэг байсныг ч дээрх өвгөн хэлсэн юм. Дээрх өвгөн гэхээр эргэлзмээр сонин санагдаж болох. Зөвшөөрөл аваагүй тул бичиж төвдөлгүй байлаа. Ямар худал юм биш нэрийг нь хэлчихье. Нутаг усныхан нь мэднэ биз. Вандан гэх нэг сайхан өвгөнтэй аян зам хамтарч таарсан учраас энэ бүхнийг сонсох завшаан тохиосон билээ. Данигай гуай бурхан болохынхоо өмнө дотны хүмүүстээ “Намайг өөд болохоор ил тавиарай. Гурван хоног сахина биз. Цогцсыг минь юу хөндөхийг харцгаа. Хөвчийн хүрэн ирвэл мөн сайнсан. Үргээж болохгүй шүү. Тэнгэртээ зорчино доо” гэсэн гэдэг. Ингээд цогцсыг нь ээлжлэн сахиж байтал хаанаас ирсэн юм нэг хүрэн баавгай хүрч ирээд түрүүлж хөндчихөөд оджээ. Хоёр хоногоос очиж үзвэл юу ч үлдэлгүй алга болсон байжээ. Ухаант өвгөдийн ид, шид барагдах биш. Үхэх өдөр судраа мэдэхээс гадна цогцсыг нь хэн, хэзээ хөндөхийг, сүнс сүлдээ хаа очихыг ч мэддэг байжээ. Бидний үеийнхний авсалдаг ёсон тийм ч таатай биш байж мэдэх юм. Бусдыг ёстой бурхан, чөтгөр хоёр л гадарлах буй за.

Чүлтэмсүрэн арслан чөтгөртэй барилдсан нь



Энэ талаар өөрийнх нь амнаас сонссон тул уншигчдад хүргэхэд цэрвэх зүйл үгүй санагдана. “Өдрийн сонин”- д ажиллаж байхад буюу 1998 оны намар Хөвсгөл аймгаар хөндлөн гулд явах сонирхолтой аялал тохиож билээ.

Тэр үеийн Сүхбаатар эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Ёндонцоо нэгэн өдөр намайг утсаар дуудав. Яваад очвол “Манай эмнэлэг Хөвсгөлийн Цагаан- Үүр сумтай хамтран ажиллах гэрээтэй юм. Бид 14 хоногийн хугацаатай нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийнэ. Чамаар сурвалжлуулмаар байна. Чи явж чадах уу?” гэлээ. Би ч уухайн тас зөвшөөрөв. Ажлаасаа чөлөө аваад л гүйцэх нь тэр. Аяндаа гарлаа. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар сувилагч нартайгаа бэлэн болжээ. Хоёр “Пургон”- той явж билээ. Саадгүй давхисаар санасан газраа очив. Хөвсгөлийн Цагаан- Үүр үнэхээр үзэсгэлэнт газар ажээ. Эх орныхоо бүх аймгаар явж үзсэний хэрэг юу билээ. Адилтгах газар ховор санагдсаныг нуух юун. Уйлган гэх алдартай үзэсгэлэнтэй голын уснаас уусан шиг явахад юу эс бодогдох билээ дээ. Уйлган гол алдаршсаны гол үзүүлэлт их энгийн ажгуу. Ганцхан голын хөвөөнөөс Монголын гурван аварга төрсөнд байгаа юм. Бараг дөрвөн аварга төрөх шахсаны “азгүй” нь энд өгүүлэгдэх “хужаа” хэмээх Ө.Чүлтэмсүрэн арслан буюу. Анхны аварга нь Б.Цэвээнравдан. Удаахь нь Д.Дамдин. Гурав дахь нь Ч.Бээжин бөлгөө. Ө.Чүлтэмсүрэн арслан нэгэнтээ Д.Дамдин аваргатай үлджээ. Хүмүүс ч зөвлөж л дээ. За, Дамиа өгчихөөрэй. Манай сумаас бас нэг аварга төрөх боллоо гээд л гаргаж. Мань хүн ч “За, за” л гэсэн юм биз дээ. Гараад орхичихоод иржээ. Дамиа, яачихав аа гэсэнд “Худлаа барилдаж чадсангүй” гэжээ. Ийм л шударга байжээ, манай бөхчүүд. Хожим нь “хужаа” арслангаас энэ тухай асуувал “Залуу байсан тул хаяна л гэж бодсоноос ярьж барих тухай бодож явсангүй” гэж билээ. Мөн ч уужуухан дотор шүү. Одоо гол яриандаа оръё.

Нэгэн өдөр Ёндонцоо дарга “Хоёулаа нэг айлд очно” гэв. Юун айл болохыг нь лавлавал “Чам шиг сурвалжлагч хүнд их хэрэгтэй хүн” гэснээс өөрийг хэлсэнгүй. Нөгөө айлд нь яваад очлоо. Ёстой нэг хайнагийн шар шиг ханхар шар ануухан хөгшин самгантайгаа угтав. “Ёо” эмч “За, хужаа арслан сайхан намаржиж байна уу?” гэнгүүт “Өө, тэгэлгүй дээ. Чүлтэмсүрэн арслан байна шүү дээ” гэх бодол зурсхийн танимхаарах сэтгэл төрсөн билээ. Идээ, будаа болж халуун яриа ч өрнөв. Би сонсоод л, тэд яриад л. Ярианы сэдэв бөх рүү шилжсэн нь мэдээж. Аарцаг уужуу, алцганаж явдаг болохоор нь “хужаа” хэмээн хочилсныг ярианаас нь ойлгоод авлаа.

Арслан хоёр сонин түүх өгүүлсний эхнийхийг сонирхуулья.
Арслан болохын өмнөх жилийн намар гээд ярьсан санагдана. Хэсэг нөхөд нийлээд анд явжээ. Далимд нь Даян дээрхийн агуй орохыг ч бодсон гэнэ лээ. Сумын зурагчин нэг нөхөр азаар хамт явж л дээ. Зорьсон газраа хүрч явтал хоёр том баавгай хос бамбарууштайгаа байж. Олондоо “анчин” хэмээн алдаршсан Сэрээнэн гэдэг хүн буудах болжээ. Эр баавгайг нь намнаад аймгийн музейд өгье. Овоо том эд бололтой. Сайхан үзмэр болно биз хэмээн ярилцацгаажээ. Сэрээнэн анчин карабинаа бариад дөхжээ. Ажиг авсан баавгайнууд сэрэмжлэн, бамбаруушаа харамлах маягтай хажуудаа аваад хоёр хөл дээрээ босоцгоон холын бараа харах нь сүртэй гэнэ. Төдөлгүй хүний бараа харсан эм баавгай бамбаруушаа дагуулан дөлжээ. Харин эр нь тэндээ хоцрон тэднийг хамгаалахаар шийдэв бололтой сэжигтэй тийш ойртон иржээ. Хүмүүс ч сандарсан байна. Буудах цаг болсон доо. Хэт ойртвол аюултай. Буу нь гацчихаагүй байгаа? Яадаг билээ гэх хооронд буу тасхийгээд тайга шуугиад явчихаж. Баавгай амьтай болгоны шээс савирмаар муухай орилоод дороо эргэлдээд унаад өгчээ. Буугаа зэхсээр очиход зүрхэндээ буудуулсан хөвчийн эзэн аль хэдийнэ нугдайгаад өгсөн байжээ. Ингээд бөөн яриа болжээ. Өвчөөд, мөчлөөд авах гэхээр үзмэр биш болно. Дамжлаад уулнаас буулгах гэхээр даахгүй. Яадаг билээ гэцгээжээ. Чүүеэ арсланд гэнэт үүрээд явчихмаар санагдсанд “За, би буулгая. Бусдыг та нар аргална биз” хэмээжээ. Бусад нь гайхавч бас ч гэж бөх хүн үзээд алдаг гэсэн байдалтай “Тэг, тэг” гэжээ. Ингээд цусыг нь сайн цэвэрлээд мөрөндөө тампуу тавиад босоогоор нь үүрээд хоёр саварнаас нь атгаад зүтгэчихэж. Уулнаас дөрөв амраад буужээ. Баавгайн толгой толгой дээрээс нь дараад хойд хоёр хөл нь ялимгүй чирэгдээд явсан гэдэг.
Тэгэхэд Чүүеэ арслан метр наян хоёр сантиметр өндөр, 110 кг жинтэй байсан гэхээр аварга баавгай байсан нь ойлгомжтой. Зурагчин үүрсэн чигээр зургийг нь авч нэг хувийг тэр үеийн “Хөдөлмөр” сонины “Цай уух зуур” бил үү дээ нэг буланд тавьсан гэдэг. Хоёр дахь зургийг нь тэр намрын “Өдрийн сонин”- ы нэгэн дугаарт тавьж билээ. Баавгайг сумын төвд морь тэргээр авчраад хэмжихэд 185 см өндөр, 300 гаруй кг жинтэй аварга амьтан байжээ. Түүгээр чихмэл хийгээд Мөрөнгийн музейг үзмэржүүлж байснаа ийнхүү өгүүлсэн бөлгөө. Арслангийн бяр жинхэнэ орж байсан цаг бололтой. Ирэх жилийн наадмаар үзүүрлэсэн гэдэг нь тийм түүхтэй юм билээ. Бөхийн тухай маш сонирхолтой олон зүйл ярьсан ч тэр бүхнийг өгүүлээд яах билээ. Одоо хамгийн сонирхолтой түүх болох чөтгөртэй хүч үзсэнийг нь сонирхуулья. Баавгай намнасныхаа дараахан анхны цаснаар хоёр нөхрийн хамт гахайнд явжээ. Гахайн мөр олоод нэгэнт нар хэвийсэн тул амрахаар болжээ. Ингээд жодгор босгон хоолоо хийгээд бөх, морь ярьсан шиг суутал харуй бүрий болжээ. Унтацгаая гэж тохироод хоёр нөхөр нь галаа өрдөн гишүү бэлдээд хоцорсон байна. Мань хүн “морь харах”- аар явжээ. Нэг хартал Чүүеэ ямар нэг юмтай ноцолдож гарчээ. Нөгөө хоёр нь ч айгаад баавгайтай барилцаж авсан юм биш байгаа. Ядаж хашгирмаар юм. Очицгооё гээд буугаа барин дөхжээ. Тэгтэл юун баавгай байхав. Нүдэнд харагдах юм үгүй нэг юмтай л барилдаж, ноцолдоод байх юм гэнэ. Хий буудалтай биш. Чүүеэ, чи яагаад байгаа юм бэ хэмээн дуудсан ч дуугараагүй ажээ. Ингээд бүр учраа олохоо байгаад байтал арайхийж нэг юм түүнээсээ салаад хөдөлгөөнгүй хөшөөд амьсгаадаад зогсч орхиж. Жаахан тайвшрахаар нь асуувал “Ёстой бүү мэд. Бие засахаар явж байтал өмнөөс гэнэт том хар юм гарч ирээд золгоод авсан. Айсандаа болоод дуугарч чадсангүй. Хоолой гардаггүй. Ямар хүчтэй амьтан бэ, мэдэхгүй. Нүүрийг нь харж чадсангүй. Дархан суйлаагаа хоёр хийгээд чадсангүй. Тэр ч намайг дийлсэнгүй. Та хоёрыг ирэхээр явлаа. Эргээд л алга болчихлоо” гэж үнэнээ хэлжээ. Ингээд оромждоо ортол арслан дээлээ бараг нэвт хөлөрсөн байжээ. Хамаг бие нь чичрээд таг гэнэ. Ингээд нөхөдтэйгээ яриад нойргүй хонов. Хангай сануулга өгсөн байж магадгүй гээд ан хийлгүй буцсан байна. Маргааш нь бараг өдөржин бодол болсон амьтан хар, цагаан дуугүй яваад байж.

Гэртээ ирээд аав, ээждээ хэлэн лам, хар болсон байна. Нутгийн нэгэн мэргэн лам үзээд ийн ярьжээ. Тэрхүү ламыг “Саажаа” хэмээн авгайлдаг болохоос бүтэн нэрийг нь мэддэггүй байжээ. Мань хүн ингэж ярьжээ. “Айх юмгүй. Хангайн савдаг чөтгөрийн дүрээр ирээд чамайг сориод явсан байна. Уг нь чи яаж ийж байгаад хаячихсан бол их сайн байж. Хаяагүй ч гэсэн унаагүй болохоор учиртай” гээд сан тавин, ариулаад гаргажээ. Наадамд явахынхаа өмнө нэг уулзаарай гэжээ. Наадмын өмнөхөн уулзвал “Чи их сайн барилдана. Том цол авна Савдагтай тэнцсэн хүнтэй хэн тэнцэх билээ” гэжээ. Ингээд наадамд очиж барилдан найм давж нутгийн аварга Д.Дамдинтай үлдэн үзүүрлэсэн түүх ийм юм гэнэ билээ. Савдагийг хаячихсан бол тэр жилийн наадамд түрүүлэх байсан бололтой. “Юм их л учиртай байдаг юм байна лээ. Над шиг савдгаар сориулсан бөх ер нь байдаг болов уу? Мэдэхгүй юм даа” гэж ярьсныг нь Ёндонцоо дарга бид хоёр чихээрээ сонссон түүх ийм бөлгөө.